Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд “иргэд хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж заасан.
Үндсэн хуулийн дээрх зүйл заалтын хэрэгжилт нь Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулиар хангагддаг. Түүнчлэн бусад хуулиуд хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулахад нийтдээ 10 хууль хэрэглэгдэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулдаг гол хуулиуд
Хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлыг зохицуулахад оролцдог бусад хуулиуд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гол хуулиуд
Хөдөлмөрийн тухай хууль. Хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үүсдэг үүнийг зохицуулахад Хөдөлмөрийн тухай хууль чухал үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажил олгогчийн үүрэг, ажилтны эрх, ажил амралтын цаг, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлын нөхөн төлбөр, эмэгтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлыг тусгасан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуйн зохицуулалттай холбоотойгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар эрүүл, аюулгүй ажлын орчноор иргэдийг хангах, ҮО, МШӨ-өөс сэргийлэх төрийн бодлого, зарчим, тавигдах нийтлэг шаардлага, ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, ХАБЭА-н талаарх төр, ажилтан аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилт зэргийг зохицуулж байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлыг зохицуулахад оролцдог бусад хууль
ҮО, МШӨ-ний даатгалтай холбоотой хуулиуд. Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1 зүйлд заасны дагуу ажил олгогч нь ажилтнаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүрэгтэйг заасан. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.1.2 зүйлд ажилтан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах эрхтэй гэж заасан. Хуулийн эдгээр заалттай холбоотой зохицуулалтыг Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиуд зохицуулдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалттай холбоотой хуулиуд. Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай хуулиуд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалттай холбоотой асуудлыг зохицуулж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж шалгах үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг мөрдөж байна
Хөдөлмөрийн эрүүл тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчихтэй холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулж байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой бусад хуулиуд. Дээрх хуулиас гадна Эрүүл ахуйн тухай, Эрүүл мэндийн тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулдаг.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн талаарх стандарт, техникийн зохицуулалтын асуудлыг 2017 оны 12 сард шинэчлэн найруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар зохицуулж байна. Энэ хуулийн 4.1.2 зүйлд “тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг стандарт” гэж заасан. Мөн 4.1.3 зүйлд “бүтээгдэхүүний тодорхойлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн арга, стандарт, техникийн үзүүлэлт болон шаардлагыг эш татаж, эсхүл тэдгээрийн агуулгыг тусгаж эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичгийг “техникийн зохицуулалт” гэж тодорхойлсон.20 Түүнчлэн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтад ашиглагддаг лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагаанд дээрх хуулийг мөрддөг.
Эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 зүйлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг “нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээ” гэсэн төрөлтэй байна гэж заасан. Мөн 13.2 зүйлд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна” гэж заасан.
Хөдөлмөрийн эрүүл ахуй нь хөдөлмөр эрхэлж буй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг тандах, үнэлэх, хянах, тэдний эрүүл мэндийг дэмжих, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Тиймээс хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөлд хамаардаг. Энэ утгаараа хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төв байгууллагын үүрэг оролцоо чухал юм.
Эрүүл ахуйн тухай хууль хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.23 Тус хуулийн 6.1 зүйлд Ажлын байранд тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх тухай асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Мөн 6.3 зүйлд ажлын байрны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулан гэж заасан.
Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай талаарх хуулиуд мөрдөгдөж байгаа хэдий ч хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүй. Олон улсын хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-ын Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээний тухай 161 дүгээр конвенцэд нэгдсэн Финланд зэрэг улс орнууд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг зохицуулсан биеэ даасан хуультай байдаг.
Олон улсын гэрээ
Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх ОУХБ-ын 155, 176 конвенцэд нэгдэн орсон.
ОХУБ-н 155 дугаар конвенц нь эдийн засгийн бүх салбарын ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой. Уг конвенцэд нэгдэн орсноор Монгол Улс ХАБЭА-н талаар үндэсний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үүрэг олон улсад хүлээсэн. ХАБЭА-н талаар үндэсний бодлогын зорилго нь үйлдвэрлэлийн орчноос үүсэх эрсдэлийг хамгийн боломжтой хэмжээгээр багасгах замаар ажил хөдөлмөртэй холбоотой осол, эрүүл мэндэд учруулах хохирлоос урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн Монгол Улс 155 дугаар конвенцыг хэрэгжүүлэхтэй холбоотой ОУХБ-ын 164 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхээр 1981 онд нэгдсэн.
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уурхайн салбарын үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг дагалдан уурхайн ажлын байранд дахь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа чухлаар тавигдах болсон. Нөгөө талаас уурхайн үйл ажиллагаа нь газрын гүний нөхцөл, тоос, шуугиан, доргион гэх мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажлын байрыг олноор бий болгож байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс 2015 онд Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 конвенцэд нэгдэн орсон.
ОУХБ 1985 онд Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээний тухай 161 дүгээр конвенцийг баталсан. Уг конвенцэд нэгдсэн улс орнууд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх зарчимд суурилан хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. 161 дүгээр конвенцын 5 дугаар бүлэгт хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээнд дараахь 11 төрлийг багтаасан байх ёстой талаар заасан. Үүнд:
Ажлын байран дахь эрүүл мэндийн эрсдэлийн илрүүлэлт, үнэлгээ,
Ажлын байрны аюултай хүчин зүйлс, ажилчдын эрүүл мэндэд эрсдэлтэй ажлын арга барилд хийх тандалт,
Ажлын дадлыг сайжруулах хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцоо,
Ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, ажлын байрны загвар, тоног төхөөрөмжийн арчилгаа, химийн бодисын хэрэглээний чиглэлээр өгөх зөвлөгөө,
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өгөх зөвлөгөө (Эргономик, тоос, хорт бодис цуглуулах төхөөрөмж),
Ажилчдын эрүүл мэндийн байдлын тандалт,
Ажилчдыг ажилдаа дасан зохицоход нь дэмжих үйл ажиллагаа,
Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн, эргономикийн мэдээллээр хангах, сургах, боловсрол олгох,
Мэргэжлийн сэргээн засах эмчилгээ,
Анхны тусламж, яаралтай тусламжийг зохион байгуулалт,
ҮО, МШӨ-ний тандалт судлах үйл ажиллагаа хамаарна.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн талаарх эрх зүйн орчныг сайжруулахад энэхүү конвенц нь чухал ач холбогдолтой хэдий ч Монгол Улс хараахан нэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 3 тогтоол гаргасан.
МУ-ын Засгийн газар 1997 оноос эхлэн ҮО, МШӨ-ний тохиолдлыг бууруулах, эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх иргэдийн эрхийг хангах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 5 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2017 оны 243 тоот тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтод “ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулна” гэж заасан. Хөтөлбөрийн хүрээнд 2020 он хүртэл хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах ажлууд хийгдэхээр төлөвлөсөн. Үүнд хөдөлмөрийн эрүүл мэндийн хувийн хэвшлийн төвүүдийг дэмжих, оношилгоо, эмчилгээнд ашиглах тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх,чадавхжуулах, МШӨ-өөр хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст зориулсан сэргээн засах төвүүдийг бий болгох зэрэг үйл ажиллагаа багтаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх дүрэм, 28.1.9 зүйлд Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батлана гэж заасан. Эдгээр заалтын дагуу Засгийн газрын 2016 оны 269, 2008 оны 142 тоот тогтоолоор дараахь эрх зүйн актууд батлагдан мөрдөгдөж байна. Үүнд:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөр (Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан),
Үйлдвэрлэлийн хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм (Засгийн газрын 2016 оны 269 дүгээр тогтоол батлагдсан)8
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг төлөх ажил олгогчийн жагсаалт (Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолоор батлагдсан) зэрэг хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.6 зүйлд ХАБЭА-н талаарх мэдээллийг түгээх, статистик мэдээллийн нэгдсэн сан байгуулах журмыг Монгол Улсын Засгийн газар батлахаар заасан боловч хараахан хэрэгжээгүй байна.
Журам, бусад эрх зүйн акт
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар ажилтны эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хордлого, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэхэд хуулийн заалтыг хэрэгжихэд холбогдох стандарт, журам, бусад эрх зүйн актууд чухал үүрэгтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгал, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын заалттай холбоотой 11 журам, бусад төрлийн эрх зүйн акт сайдын тушаалаар батлагдан мөрдөгдөж байна.
Стандарт
2018 оны 10 сарын Монгол Улсад буй ХАБЭА болон МШӨ-ний чиглэлээр 138 стандартыг мөрддөг. Эдгээр стандартын 66.7%(92) нь хөдөлмөрийн эрүүл ахуйн, 4.3% (6) нь мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, эмчилгээний, 26.8%(37) нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт бүрдүүлж байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын 76.1%-ийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн аргын, 26.08%-ийг нь хөдөлмөрийн нөхцөлд тавигдах шаардлага, хувийн хамгаалах хэрэгслийн стандартууд бүрдүүлж байна.
2018 онд зохион байгуулагдсан стандартын улсын үзлэгээр хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудын 54 буюу 58.7%-ийг бүхэлд нь, 7 буюу 7.6%-ийх нь холбогдох заалтыг дахин хянаж, шинэчлэн сайжруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6.2 зүйлд ХАБЭА-н стандартыг боловсруулах, батлуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулж гэж заасан. Гэсэн хэдий ч ХАБЭА-н стандартыг үнэлэх, шинэчлэн сайжруулах, шинээр боловсруулах, турших, хэлэлцэх, үүнтэй холбоотой эрдэм шинжилгээний асуудлыг зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор ХАБЭА-н стандартын шинэчлэлийн ажил удаашралтай байна.
2015-2018 оны хооронд хөдөлмөрийн эрүүл ахуйн 16 стандарт шинээр батлагдсан байна. Эдгээр стандартын 8 нь хөдөлмөрийн нөхцөлийн хэм хэмжээг заасан, 6 нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн аргын, 1 нь ХАБЭА-н менежментийн стандарт байна. Мөн МШӨ-ний оношилгоо, эмчилгээний 6 стандарт 2012 онд шинээр батлагдан мөрдөгдөж байна.
2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн 4 дүгээр бүлэгт “стандарт” нь сонгон хэрэглэх, “техникийн зохицуулалт” нь эрх бүхий байгууллагаас баталсан заавал дагаж мөрдөх баримт бичиг гэж заасан. Мөн 5.1 зүйлд “Техникийн зохицуулалтын зорилго нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж заасан. Хуулийн шинэчлэлтэй холбоотой хөдөлмөрийн эрүүл ахуйн норматив, зөвшөөрөгдөх хэмжээ зэрэг заавал мөрдөх стандартын эрх зүйн статус өөрчлөгдөж байна. Цаашид үндэсний стандартаар зохицуулж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээ, заавал биелүүлэх шаардлагыг зохицуулах “техникийн зохицуулалт” болгох асуудал тулгамдаж байна.
Д.Нарансүх
Нийт харилцан яриа