Агаараас тоос, хорт бодисын сорьц цуглуулах багаж

Агаараас тоос, хорт бодисын сорьц цуглуулах багаж

Түгээх

Агаараас тоосны сорьц цуглуулах аргын талаар товчхон бичихийн өмнө ажлын байранд тоосыг хэмжихэд Монгол Улсад мөрддөг стандартуудыг дурдах нь зүйтэй. Ажлын байран дахь тоосны өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг MNS 4990:2015 стандартын С хавсралтаар тогтоосон байдаг. Стандартад нарийн ширхэгтэй тоосны 8 цагийн өртөлтийн дундаж зөвшөөрөгдөх дээд хэмжээ 3 мг/м3, нийт тоосны өртөлтийн тухайд 10 мг/м3-аар тогтоосон. Энэ зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулах үр дүнг ажилтны амьсгалын түвшинд ажлын цагийн турш сорьц цуглуулалтаар бий болгох ёстойг уг стандартад мөн заасан. MNS 4990:2015 стандартын энэ шаардлагатай уялдан ажлын байранд хувь хүний амьсгалын түвшнээс уушгины цулцанд нэвтэрдэг (MNS 6657:2017) болон нийт тоосны (MNS 6656:2017) сорьц цуглуулах шинжлэх аргын стандартууд 2017 онд батлагдсан. Эдгээр стандартууд нь ажилтны өртдөг тоосны өртөлтийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн хэмжих, тоосны шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн ажилтныг тоосны шалтгаант өвчлөлөөс хамгаалах арга хэмжээний удирдамж болох зорилготой MNS 6658:2017, амьсгал хамгаалах хэрэгсэл буюу маскны сонголт, хэрэглээнд тавигдах шаардлагыг тодорхойлсон MNS 6654:2017 стандартууд 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх стандартуудын шаардлагад нийцэх хэмжилтийн практикт ЗӨВ ДАДЛЫГ бий болгох нь ажилтны эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гаргалт, түүний хэрэгжилт, үнэлгээнд чухал ач холбогдолтой юм.

Тоосны хэмжилтэд түгээмэл хэрэглэдэг 2 төрлийн арга байдаг. Эхнийх нь идэвхтэй сорьц цуглуулалтын арга, хоёрдахь нь шууд хэмжилтийн арга юм. Гэхдээ эдгээр аргуудыг хэрэглэх зорилго өөр өөр байдаг.

Монгол Улсад мөрдөж байгаа MNS 4990:2015 стандартын дагуу ажилтны өртөж буй тоосны өртөлтийг MNS 6656, MNS 6657 стандартын (идэвхтэй сорьц цуглуулалтын) зарчмаар ажлын цагийн турш, амьсгалын түвшинд нь тодорхойлж, зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулж дүгнэлт өгнө.

Шууд хэмжилтээр эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулах үр дүн гаргах боломжгүй. Харин тоос бууруулах инженерийн арга хэмжээний үр дүнг үнэлэх, тоосны тархалтын төлөвийг тодорхойлох, судалгаа, тандалтын зорилгоор ашиглагддаг.

Өртөгийн хувьд ч энэ хоёр арга ялгаатай. Идэвхтэй аргаар сорьц цуглуулах иж бүрдэл багаж (сорьц цуглуулах шахуурга 3-4 сая, калбиратор 3.5 сая, циклон 300 мянга) нийтдээ 7-8 орчим сая төгрөгийн үнэтэй байдаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйч сорьц цуглуулах ачааллаасаа хамааран 3, 5, 10 ширхэг шахуургатай иж бүрдлийг ашиглавал тохиромжтой. Шахуургын тоогоор циклон байх нь зүйтэй. Цуглуулсан сорьцоо лабораторид илгээж тоосны ерөнхий концентрацийг тодорхойлуулхаас гадна, кварц цахиур, металл гэх мэт нарийвчилсан шинжилгээг хийлгэх боломжтой.

Шууд хэмжилтэд хэрэглэдэг TSI Dust Trak гэх мэт багаж нь 35 гаруй сая төгрөгийн үнээр зах зээлд худалдаалагддаг. Хэмжилтийн дүнг шууд харах боломжтой. Гэхдээ сорьц цуглуулдаггүй тул лабораторид сорьц илгээж цахиур, металл зэргийг шинжлэх, сорьцыг хадгалж, дахин шинжлэх боломжгүй.

Тоосны хэмжилтэд MNS 6656, MNS 6657 стандарт буюу идэвхтэй сорьц цуглуулах аргыг ашигласнаар сорьц цуглуулалт, сорьцны тээвэрлэлт, хадгалалт, лабораторийн шинжилгээний үед гарч болзошгүй алдаанаас сэргийлэх, улмаар хэмжилтийн үр дүнгийн баталгаат байдлыг хангах чухал нөлөөтэй. Ийм аргаар сорьц цуглуулж, шинжлэх нь харьцангуй өртөг багатай, олон зорилгоор ашиглах, төрөл бүрийн гаралтай тоос, тоосонцрын (мод, кварц, нүүрс, металл, үр тариа, органик тоос гэх мэт) ажилтны өртөлтийг бодиттой үнэлэх боломжуудыг олгодог давуу талуудтай.

Идэвхтэй сорьц цуглуулах иж бүрдэл багаж нь дараах таван үндсэн бүрдэлдэхүүнтэй байдаг . Эдгээрт:

  1. Шүүлтүүр, шүүлтүүр тогтоогч (кассет),
  2. Тоосны ширхгийг хэмжээгээр нь сонгон цуглуулах хэрэгсэл(циклон, имкаптор),
  3. Хувь хүний амьсгалын түвшинд агаар соруулах шахуурга,
  4. Агаарын урсгалын хурд хэмжигч багаж (калбиратор)

Агаар соруулах шахуурга (насос). Шахуурга нь ажилтны амьсгалын түвшин дэх агаарыг сорж, сорьц цуглуулах хэрэгслээр дамжуулан өнгөрүүлэх үүрэгтэй. Агаараас сорьц цуглуулах арга, зорилгоос хамаарч шахуургын хүчин чадал, төрлийг сонгодог. Агаараас сорьц цуглуулах шахуургыг ерөнхийд нь хувь хүний болон талбайн сорьц цуглуулах гэж ангилдаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйн MNS 4990:2015 стандартад ажилтан амьсгалын замаар хорт бодис тоосонд өртөх байдлыг үнэлэхийн тулд хувь хүний амьсгалын түвшингээс ажлын ээлжийн турш сорьц цуглуулах шаардлага тавьдаг. Энэхүү шаардлагыг биелүүлэхийн тулд ажилтны бүсэнд тогтоож амьсгалын бүсээс нь сорьц цуглуулах боломжтой, зай хураагуураар ажилладаг шахуурга хэрэгтэй. Доорх зургаар хувь хүний амьсгалын түвшнээс сорьц цуглуулах шахуургыг талбайн сорьц цуглуулах шахуургатай харьцуулан үзүүлэв.

Зарим шахуургууд агаар сорох хурд, сорьц цуглуулах хугацаа зэргийг тохируулах программтай байдаг. Түүнчлэн шатаж, тэсрэх аюултай хий, тоостой орчинд сорьц цуглуулах шахуургад тусгай шаардлага тавигддаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

Агаараас тоосны сорьц цуглуулахад 0.5-5 л/м хурдаар ажиллахү шахуурга (air sampling pump) шаардлагатай. Сорьц цуглуулах багаж нь стандарт аргад заасан хурдаар тогтвортой ажилладаг байх нь хамгийн гол шаардлага юм. Сорьц цуглуулах үед шүүлтүүр дээр тоос шүүгдэж агаар сороход эсэргүүцэл үүсгэж, шахуургын хурд унах, 4 мкм-оос жижиг тоосыг бүрэн цуглуулахгүй байх зэрэг алдаа гарах шалтгаан болдог. Ихэнх төлийн багаж даралтын эсэргүүцлээс хамааран хурдаа нөхөх функцтай байдаг. Гэвч буруу ашиглалт, цаг уурын нөхцөл, бохирдол, унгааж гэмтээх гэх мэтээс хамааран багаж даралтын эсэргүүцэлд хурдаа сэргээх боломжгүй болдог. Тиймээс сорьц цуглуулах шахуурга (air sampling pump) багажинд даралтын эсэргүүцлийг тэсвэрлэх шалгалт баталгаажилт, цэвэрлэгээ техникийн үйлчилгээг жил тутам хийлгэж байх нь зүйтэй юм.

Д.Нарансүх

Нийт харилцан яриа