Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар 2018 онд боловсруулан Монгол Улсын Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал эмхэтгэлийн хураангуйг энд нийтэллээ.
Монгол орон нь Ази тивийн төв хэсэгт оршдог ОХУ, БНХАУ-тай хиллэдэг, 1 сая 566 мянган км2 газар нутагтай. 2017 оны статистик мэдээгээр Монгол Улсын хүн нийт амын 3,177,899 байсан. Нийт хүн амын 49.1% нь эрэгтэйчүүд, 50.8% нь эмэгтэйчүүд эзэлж байна. Нэг км квадрат газар нутагт 2 хүн ногддог. 2017 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь 4.5 тэрбум америк доллар байсан.
2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улс дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоонд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ХАБЭА-н Үндэсний хороо, аймаг, дүүрэг, сумын ХАБЭА-н зөвлөл, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагууд болон аж ахуйн нэгж ажил олгогчид хамаарч байна.
Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулж байна. Хөдөлмөрийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эрүүл тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиуд хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлыг зохицуулахад оролцдог. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 3 дүрэм, жагсаалт, сайдын тушаалаар батлагдсан 11 журам, ХАБЭА-н Үндэсний хорооны 1 тогтоол, 99 стандарт мэргэжлийн удирдамж, аргачлалын хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаанд мөрдөж байна.
ХНХЯ нь хөдөлмөрийн эрүүл мэндийн талаарх бодлого боловсруулах, шийдвэр гаргах гол байгууллага юм. Түүнчлэн ЭМЯ, ХАБЭА-н Үндэсний хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд хөдөлмөрийн эрүүл мэндийн бодлого, шийдвэрт оролцож байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн арга хэмжээнд тусгайлан баталсан төсөв, зардлын талаарх статистик мэдээлэл хомс байна. ҮО, МШӨ-ний даатгалын сан хөдөлмөрийн эрүүл ахуйн арга хэмжээний санхүүжилтийн нэг эх үүсвэр боловч өнөөгийн хуулийн заалтын дагуу хязгаарлагдмал хүрээнд уг санхүүжилтийг зарцуулж байна. Тухайлбал нь Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “ ҮО, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хэрэгжүүлнэ” гэж заасан. Харин өвчлөлийн тандалт судалгаа, өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох аргачлал боловсруулах, осол, өвчлөлийн эрсдэлийг эрт илрүүлэх гэх мэт сургалт сурталчилгаанаас бусад арга хэмжээнд уг сангаас санхүүжилт гаргах боломжгүй байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, МШӨ-өөс сэргийлэхтэй хууль, тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Аж ахуйн нэгжүүд энэхүү үүргээ биелүүлэхэд нь ХАБЭМТ төв мэргэжлийн үйлчилгээгээр ханган ажилладаг. Тус төв нь 4 газар, 6 хэлтэс, 1 эмнэлэг, 1 сувилал бүхий бүтэцтэйгээр, нийт 103 ажилтантай. Өнөөгийн байдлаар тус төвд 6 хөдөлмөрийн эрүүл ахуйч, 22 их эмч, 10 сувилагч, 2 лаборант ажиллаж байна.
ХАБЭМТ нь аж ахуйн нэгжүүдэд ажилтны эрүүл мэндийн үзлэг, МШӨ-ний оношилгоо, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлгээ, ҮО, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн үйлчилгээг үзүүлж ХАБЭА-н хуулийн хэрэгжилтэд оролцож байна. Түүнчлэн МШӨ-ний хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлох, ҮО, МШӨ-өөс сэргийлэх чиглэлээр хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлж байна.
ХАБЭА-н тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг МХЕГ болон түүний харьяа нийслэл, аймаг, төмөр замын мэргэжлийн хяналтын байгууллагууд гүйцэтгэж байна. Хяналтын байгууллагад нийт 33 хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчтай ажиллаж байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтад Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн МХЕГ-ын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлж байна. 2009-2015 онд давхардсан тоогоор улсын хэмжээнд 41431 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийгджээ. Жилд дунджаар 6000 мянга орчим аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж байгаа нь нийт аж ахуйн нэгж байгууллагын гуравны нэгтэй тэнцэж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт ажил олгогч ажилтнаа эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулна гэж заасан. Энэ заалтын хэрэгжилтийг хангахад ЭМС-ын 2014 оны 340 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам” мөрдөгдөж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2015 оны шинэчилсэн найруулгад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийж байхаар хуульчилсан. Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан журмыг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд мөрдөж байна. 2018 оны байдлаар ХАБЭМТ, МХЕГ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн хяналт, шинжилгээний төв, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори, Хэлт энд Сэфти Солушинс (ХСС) ХХК гэсэн 4 байгууллага ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж байна. 2009-2017 оны хооронд улсын хэмжээнд хийгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүрээнд нийт 26,513 хэмжилт хийсэн байна. Эдгээр хэмжилтийн 29.5% нь эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаагүй дүнг үзүүлсэн.
Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнийг 1968 оноос АШУҮИС-д бэлтгэж ирсэн. 2018 оны оны байдлаар 78 хөдөлмөрийн эрүүл ахуйч, 193 үйлдвэрийн эмч хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч, хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагч, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежер хэрэгцээтэй байгаа нь судалгаагаар тодорхойлогдсон. Монгол улсад ажиллаж байгаа ХАБЭА-н ажилтны 93% нь мэргэжлийн бус буюу өөр чиглэлээр мэргэжил эзэмшсэн хүмүүс ажиллаж байна.
Нийгмийн даатгалын статистик бүртгэлд 2017 оны байдлаар 3336 хүн МШӨ-өөр ХЧА-ын тэтгэвэр авсан гэж бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсийн дийлэнх (79%) хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр нь харьцуулахад 41-50 насныхан 17%, 51-60 насныхан 57%-ийг бүрдүүлж байна. Эдгээр хүмүүсийн 93% нь хөдөлмөрийн чадвараа 50-иас их хувиар алдсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2009-2017 онд үйлдвэрлэлийн ослын 3321 тохиолдол бүртгэгдсэн. ҮО-ын улмаас 509 хүн нас барж, 761 хүн гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, 2051 хүн хөдөлмөрийн чадвар түр алдсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд МХЕГ-д жилд дунджаар 369 хүн ҮО-д орсон талаар бүртгэгдсэн байна.
ҮО, хурц хордлого, МШӨ-өөс урьдчилан сэргийлэлтийг сайжруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газар 1997 оноос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. МУ-ны Засгийн газар 2012 онд 122 дугаар тогтоолоор “ХАБЭА-н орчныг сайжруулах 4 дэх хөтөлбөр”-ийг батлан, 2012-2016 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр нь 7 үндсэн зорилтын хүрээнд нийт 55 асуудлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжилтийн хувь 77.0 гэж үнэлэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дүрэм, журмыг шинээр батлуулах, мэргэжлийн удирдамж, стандарт боловсруулах ажлыг илүүтэй хэрэгжүүлсэн. 2017 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийг Засгийн газраас батлан 2021 он хүртэл хэрэгжүүлж байна.
Монгол Улсад ХЭМ-ийн чиглэлийн эрдэм шинжилгээний ажлууд АШУҮИС, НЭМҮТ, ХАБЭМТ-ийг түшиглэн хийгдэж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр 2010-2017 онуудад нийт 56 эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй, өгүүлэл хэвлүүлэн нийтлэгдсэнээс 42.8% нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн үнэлгээ, 33.9% нь мэргэжлээс шалтгаалсан өвчин, осол гэмтэл, 17.8% нь хөдөлмөрийн эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо, хууль эрх зүй, 5.3% нь ажилчдад нөлөөлж буй нийгэм, сэтгэл зүйн хүчин зүйлийн чиглэлээр судалгаа хийгдсэн байна.
Д.Нарансүх
Нийт харилцан яриа