Тоосны сорьцыг хэмжээгээр нь сонгон цуглуулах хэрэгсэл: Циклон, импактор

Тоосны сорьцыг хэмжээгээр нь сонгон цуглуулах хэрэгсэл: Циклон, импактор

Түгээх

Хөдөлмөрийн эрүүл ахуй, агаарын чанарын хэмжилтийн практикт тоосны ширхгийг хэмжээгээр нь сонгож ялган цуглуулах хэрэгсэл (size-selective sampler)-ийг ашиглан тодорхой аэродинамик диаметртэй (PM2.5, PM4, PM10 г.м) тоосны сорьц цуглуулдаг. Ийм төрлийн хэрэгсэл нь хүний амьсгалын замд тоосны ширхэг тунах инерцийн цохилтын механизмд суурилсан. Тоосны ширхэг хүний амьсгалын замд тунахад агаарын хөдлөл зүйн дүйцүүлсэн диаметр буюу аэродинамик эквивалент диаметр (АЭД) нь гол үзүүлэлт болдог. Насанд хүрсэн хүний уушгины цулцанд 4 мкм-ээс жижиг АЭД-тай тоосны ширхэг нэвтэрч өвчлөлийн шалтгаан болдог. Харин бага насны хүүхдийн уушгинд 2.5 мкм-ээс жижиг АЭД-тай тоосны ширхэг нэвтэрдэг. Тиймээс хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудад 4 мкм-ээс жижиг тоосны ширхгийг “цулцанд нэвтэрдэг тоос” (PM4) гэж нэрлэж, уушги тоосжих өвчний эрсдэлийг үнэлэх шалгуур болгон ашигладаг. Байгаль орчин, орчны эрүүл мэндийн стандартуудад хүн амын хамгийн эмзэг бүлэг болох бага насны хүүхдийн уушгины цулцанд нэвтэрдэг 2.5 мкм-ээс жижиг буюу PM2.5 тоосны хүлцэх хэмжээг тодорхойлж, хэмжиж үнэлэх шаардлага тавьдаг.

Анх 1983 онд ISO 7708 стандарт олон улсын түвшинд батлагдаж хүний амьсгалын замд нэвтэрдэг тоосны АЭД-ийн талаарх нэгдмэл тодорхойлолтыг бий болгосон нь агаарын чанар, тоосны хэмжилт үнэлгээнд олон дэвшлийг бий болгосон. Энэ стандарт Монгол хэлнээ 2016 онд орчуулагдаж MNS ISO 7708:2016 стандарт хэлбэрээр батлагдсан. Манай оронд мөрдөж буй хөдөлмөрийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуй, байгаль орчны агаарын чанарын стандарт, тоосонцорын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжилтийн арга зэрэг нь бүгд ISO 7708 стандартад суурилсан. Уг стандартын дагуу амьсгалын замд нэвтэрдэг тоосонцорыг хэмжээгээр нь дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  1. Амьсгалаар нэвтэрдэг тоосонцор (Inhalable dust )- 100 мкм-ээс жижиг АЭД-тай тоосны ширхэг
  2. Амьсгалын дунд замаар нэвтэрдэг тоосонцор (Thoracic dust) – PM 10 буюу 10 мкм-ээс жижиг АЭД-тай тоосны ширхэг
  3. Уушгины цулцанд нэвтэрдэг тоосонцор (Respirable /Alveolar dust) – Насанд хүрэгчдэд PM 4 буюу 4 мкм-ээс жижиг тоосонцор, Хүүхдэд PM2.5 буюу 2,5 мкм-ээс жижиг тоосонцор
  4. Агаар дахь нийт тоос (Total dust / Total suspended particles )

ISO 7708 тодорхойлолтын дагуу тоосны хэмжилт, агаарын чанарын үнэлгээ хийхэд тоосонцорын ширхгийг АЭД-ын хэмжээгээр нь сонгон шүүх хэрэгсэл буюу циклон, импакторыг ашиглах шаардлагатай. Эдгээр хэрэгсэл нь хүний амьсгалын дээд, дунд замд, уушгины цулцанд нэвтэрдэг тоосны ширхгийн фракцыг сонгон цуглуулах боломжийг олгодог. Үйлдвэрлэгч нар ч ISO 7708 стандартын зөвшилд нийцүүлэн циклон, импакторуурыг үйлдвэрлэдэг.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт цөөнгүй төрлийн циклоныг ашиглан цулцанд нэвтэрдэг тоосны сорьц цуглуулахад хэрэглэгддэг боловч бүгд нэгэн ижил зарчимд суурилсан байдаг. Циклон нь шүүлтүүр тогтоогч кассетанд угсрагдах зориулалттай. Кассет нь агаар сорох шахуургатай холбогдож агаараас тоосны сорьц цуглуулдаг. Агаараас сорьц цуглуулах үед циклоны агаар соруулах нүхээр орсон тоос ширхэг хуйлрах хөдөлгөөний хүчний үйлчлэлээр том ширхэгтэй нь циклоны хана руу шидэгдэж, нарийн ширхэгтэй тоос цааш нь сорогдож шүүлтүүрт шүүгддэг. Циклоны хана руу шидэгдсэн том ширхэгтэй тоос нь циклоны ёроол (таг) хэсэгт тунадаг.

PM2.5, PM10 тоосны сорьц цуглуулахад импакторыг түгээмэл ашигладаг. Импактор нь олон тооны жижиг нүхээр агаар соруулж, сонгосон АЭД-аас том ширхэгтэй тоосыг цохилтын цагираг дээрээ наалдуулан авч үлддэг. Цохилтын цагираг дээр тоосны том ширхгийг наалдуулах зорилгоор наалдамхай тос түрхдэг. Цагираг дээр шүүгдээгүй сонгосон АЭД-тай тоосны ширхэг цааш нь сорогдож шүүлтүүрт цуглуулагдана.

АНУ, Европын холбоо, Англи зэрэг орнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар амьсгалаар нэвтэрдэг тоосны фракцад ЗДХ тогтоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор амьсгалаар нэвтэрдэг буюу 100 мкм-ээс жижиг АЭД –тай тоосны ширхгийг сонгон цуглуулах хэрэгслийг ашигладаг.

Тоосны ширхгийг АЭД-аар нь сонгон цуглуулах хэрэгслийг ашиглахад анхаарах хамгийн чухал үзүүлэлт бол үйлдвэрлэгчээс нь тодорхойлсон агаар соруулах хурд юм. Үйлдвэрлэгч нар ISO 7708 стандартын зөвшилд нийцүүлэн циклон, импакторыг бүтээдэг. Ингэхдээ сонгосон АЭД-тай тоосны ширхгийг цуглуулах агаар сорох хурд нь циклон, импактор бүрээс хамааран харилцан адилгүйгээр тогтоодог. Тухайлбал дараах зургын дагуу SKC брэндийн хөнгөн цагаан циклон нь 2.5 л/мин хурдаар агаар сорох үедээ 4 мкм-ээс жижиг АЭД-тай тоосны ширхгийн 50%-ийг цуглуулах техникийн үзүүлэлттэй. Агаар соруулах хурд нь үйлдвэрлэгчийн тогтоосон хэмжээнээс их эсвэл бага болоход 4 мкм-ээ жижиг тоосны сорьц цуглуулах үр ашигт нь өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл сорьц цуглуулалтын алдаа гарна.

Доорх зургаар циклоныг шүүлтүүр тогтоогч кассетэнд угсарч, агаараас сорьц цуглуулах багажтай холбосон байдал харагдаж байна.

Энэ нийтлэлээр тоосны хэмжилт үнэлгээ хийдэг хүмүүст циклон, импакторын хэрэглээний талаарх суурь ойлголт мэдээллийг өгөхийг хичээн сийрүүлэн бичлээ.

Д.Нарансүх

Нийт харилцан яриа