ЭРҮҮЛ АХУЙН ХЭМЖИЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Байгууллага, хувь хүний хүсэлтээр эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээний мэргэжлийн үйлчилгээг хууль, тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ISO/IEC 17020 стандартын дагуу гүйцэтгэнэ.
Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
Үнэлгээний зорилго. Энэхүү үйлчилгээ нь ажилтнуудад үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг үнэлж, байгууллагын хөдөлмөрийн эрүүл мэндийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах замаар ажилтнуудын эрүүл мэндийн хамгаалах, байгууллагын үндсэн бизнесийг сэргийлэх зорилготой.
Хууль зүйн үндэслэл. Байгууллага ХЭМ-ийн эрсдэлийн үнэлгээг хийлгэснээр ХАБЭА-н тухай хуулийн 28.1.4-р зүйлд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллага (ажил олгогч) нь “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” үүргээ биелүүлнэ.
Аргачлал. Уурхай, металлын олон улсын зөвлөлөөс боловсруулсан “Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний практик зөвлөмж”-д суурилан, МУ-ын хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлсэн аргачлалыг ашигладаг.
Хүлээгдэх үр дүн:
- Ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажлын байрны хүчин зүйлсүүдийг тодорхойлно.
- Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж, үнэлнэ.
- Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчлөх эрсдэлтэй ажилтнуудыг тодорхойлж, үнэлнэ.
- Эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй буюу зорилтод бүлгийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг тодорхойлж, ХЭМ-ийн нөөцийг оновчтой зарцуулна.
- Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтнууд хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас гарах, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговор төлөх эрсдэлээс сэргийлнэ.
- ХАБЭА-н хуулийн шаардлага биелээгүй зөрчлөөс сэргийлнэ.
- Байгууллагын ХЭМ-ийн удирдлагын тогтолцооны баримт бичиг (дүрэм, журам, маягт)-ийг сайжруулан хэрэгцээг тодорхойлно.
- ISO 45001, ISO 9001 стандартын хэрэгжилтийн хүрээнд хэрэгжих ХЭМ-ийн тасралтгүй сайжруулалтын шаардлага хангагдана.
Орчны шуугианы үнэлгээ
Үнэлгээний зорилго. Хүн амын суурьшлын бүс, үйлдвэрийн төслийн талбайд шуугианы түвшнийг хэмжиж, холбогдох стандартын шаардлагатай нийцүүлэн үнэлэх зорилготой.
Хууль зүйн үндэслэл. Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1-р заалтын дагуу “хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна” гэсэн суурьшлын бүсэд шуугианы түвшинг тодорхойлох бие даасан, хараат бусаар шуугианы хэмжилт үнэлгээг хийдэг.
Аргачлал. Орчны шуугианы үнэлгээнд MNS 6768:2019, MNS 4585:2016, MNS 12-1-009:1985 стандартуудыг ашиглан шуугианы давтамжийг октавын бүсээр нь нарийвчилан тодорхойлох хэмжилтийг хийдэг. Ингэснээр нам давтамжаас зүрх судасны өвчтэй болон хэт мэдрэг хүмүүст үзүүлэх нөлөөллийг үнэлэх боломжтой.
Хүлээгдэх үр дүн:
- Орчны шуугианы түвшин эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг тодорхойлно.
- Шуугианы эх үүсвэрийг тодорхойлно.
- Шуугианыг бууруулах арга хэмжээний хэрэгцээг үнэлнэ.
- Шуугиан бууруулах арга хэмжээний үр нөлөөг үнэлнэ.
Агаарын чанарын үнэлгээ
Үнэлгээний зорилго. Ажлын байр, гадаад, дотоод орчны агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэмжиж, байгаль орчин, эрүүл ахуйн стандартын шаардлагатай нийцүүлэн үнэлэх зорилготой.
Хууль зүйн үндэслэл. Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1-р заалтын дагуу “хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна”, ХАБЭА-н тухай хуулийн 28.1.1-р заалтын дагуу ажил олгогч ”үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” , бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг үндэслэн агаарын чанарын хэмжилт үнэлгээг хийнэ.
Аргачлал. Агаарын чанарын үнэлгээнд агаарын түгээмэл (нийт тоос, PM2.5, PM10, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу исэл, нүүрсхүчлийн хий) болон хортой бохирдуулагчид ( бензол, формальдегид, хартугалга, бусад хүнд металлууд)-ыг үндэсний болон олон улсын стандарт аргачлалын дагуу хэмжиж, MNS 4585:2016, MNS 4990:2019, MNS 5885:2008 стандартуудад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулан үнэлнэ. Агаарын чанарын үнэлгээ ISO /IEC 17025 итгэмжлэлтэй Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн шинжилгээнд үндэслэн хийгддэг.
Хүлээгдэх үр дүн:
- Ажлын байр, гадаад, дотоод орчны агаарын чанар эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлно
- Эмнэлэг, үйлчилгээний байгууллага, сургалтын танхим, албан тасалгаа зэрэг ажлын байр, дотоод орчны агааржуулалтын систем агаарын чанарын шаардлагыг хангаж буй эсэхийг тодорхойлно.
- Орчны агаарын чанар байгаль орчны стандартын шаардлага хангаж буй эсэхийг тодорхойлно
Эрүүл ахуйн захиалгат хэмжилт, үнэлгээ
Үнэлгээний зорилго. Ажлын байр, гадаад, дотоод орчинд хими, физикийн хүчин зүйлсийн эрүүл ахуйн хэмжилтийг хийж, стандартын шаардлагатай нийцүүлэн үнэлэх зорилготой.
Хууль зүйн үндэслэл. Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1-р заалтын дагуу “хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна”, ХАБЭА-н тухай хуулийн 28.1.1-р заалтын дагуу ажил олгогч ”үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг үндэслэн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээг хийнэ.
Хэмжих үзүүлэлт. Тоос, хорт бодисын сорьц цуглуулалт, бичил цаг уур (температур, чийглэг, агаарын урсгалын хурд), гэрэлтүүлэг, шуугиан, доргион, цахилгаан соронзон орны хүчлэг, цахилгаан статик орон, дулааны өртөлт, хорт хий, агааржуулалтын хэмжил зэргийг үндэсний болон олон улсын стандарт аргуудын дагуу хэмжиж, үнэлнэ. Агаарын чанарын үнэлгээ ISO /IEC 17025 итгэмжлэлтэй Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн шинжилгээнд үндэслэн хийгддэг.
Хүлээгдэх үр дүн:
- Сонгосон үзүүлэлт нь эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тодорхойлно.
- Ажлын байр, дотоод орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах хэрэгцээг тодорхойлно.
- Эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах арга хэмжээний үр нөлөөг үнэлнэ.