Өртөлтийн үнэлгээ

Ажлын байрны аюултай хүчин зүйлсийн өртөлт ажилтны эрүүл мэндэд эрсдэл үүсгэх түвшинд байгаа эсэхийг тодорхойлохын тулд  өртөлтийн үнэлгээ хийх шаардлагатай. Өртөлтийн үнэлгээ нь аюултай хүчин зүйлсийн шинж чанараас хамааран хими, физик, бичил амь судлал, био-механик, нийгэм-сэтгэл зүйн үнэлгээний аргуудыг хэрэглэдэг. Өртөлтийн үнэлгээг гурван үе шатаар хэрэгжүүлж болно.

Анхан шатны үнэлгээ: Энэ шатанд өртөлтийн мониторингийн хэрэгцээ, өргөтгөх шаардлагыг тодорхойлох зорилгоор дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:

  • Тухайн бодисын нөлөөлөлд ямар ажилтнууд өртөж байгаа тодорхойлох,
  • Хорт бодисын физикийн шинж чанар, аюултай нөлөө,
  • Хорт бодисын агаарт дэгдэх шинж чанар,
  • Өртөлт тохиолдож буй үйлдвэрлэлийн явц, үйл ажиллагаа,
  • Хорт бодис ялгарч буй эх үүсвэрийн тоо, төрөл, байрлал,
  • Хамгийн ихээр нөлөөлөлд өртдөг ажилтнуудын бүлэг,
  • Өртөлтийн үргэлжлэх хугацаа, хэв маяг, өртөлтийн зам (амьсгал, арьс, хоол боловсруулах зам),
  • Ажлын бодит дадал, / ажил гүйцэтгэх хэв маяг,
  • Хортой бодисын өртөлтийг хянах арга хэмжээ байгаа эсэх,
  • Хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг эсэх, тэдгээр нь үр нөлөөтэй эсэх,
  • Хорт бодисын өртөлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн эсэх гэсэн мэдээлэл хамаарна.

Өртөлтийн суурь үнэлгээ: Энэ шатанд ач холбогдол бүхий түвшинд өртөж буй ажилтнуудад өртөлтийн мониторинг хийж, өртөлтийн түвшинг тодорхойлно. Анхан шатны үнэлгээгээр тодорхойлсон тодорхой ажилтнуудын эрсдэл , анхаарах шаардлагатай үйлдвэрлэлийн процесс болон ажилтнуудаас ирсэн санал, гомдлын дагуу суурь үнэлгээг хийнэ.

Суурь үнэлгээ нь  хагас-тоон болон лабораторийн шинжилгээнд суурилсан хэмжилтийн аргуудын аль нэгийг ашигладаг. Түүнчлэн энэ төрлийн үнэлгээгээр инженерийн хяналтын үр нөлөөг үнэлэх боломжтой.

Өртөлтийн дэлгэрэнгүй үнэлгээ: Дараах тохиолдлуудад энэ үнэлгээ хийнэ. Үүнд:

  • Суурь үнэлгээгээр өртөлтийн төлөв байдлыг баталгаатай тодорхойлох боломжгүй,
  • Ижил төрлийн ажил үүрэгтэй ажилтнуудын өртөлт ялгаа их тодорхойлогдсон,
  • Хавдар үүсгэгч эсвэл амьсгалын замыг цочроох химийн бодисын өртөлттэй,
  • Анхан шатны болон суурь үнэлгээгээр доорх үр дүн гарсан:
    • Ажилтны цагт жинлэсэн дундаж өртөлт зөвшөөрөгдөх дээд хэмжээ(ЗДХ)-ний 50-иас багагүй хувьтай тэнцүү,
    • Өртөлтийн хяналтын нэмэлт арга хэмжээний үр ашгийг тодорхойлох боломжгүй,
    • Тогтмол бус ажил үүрэгтэй тул нэмэлт үнэлгээ шаардлагатай зэрэг нөхцөлүүд хамаарна.

Хорт бодисын өртөлтийн үнэлгээг зохион байгуулах үе шат дарааллын бүдүүвчийг дараах зургаар үзүүлэв.

АУ-ны доктор Д.Нарансүх