Судалгаа: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын статистик мэдээ
2019 хэвлүүлсэн МУ-ын Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдал эмхэтгэлээс үйлдвэрлэлийн ослын статистик мэдээллийг энд оруулав.
Үйлдвэрлэлийн ослыг бүртгэж, судлахад Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг мөрдөж байна. Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын мэдээллийг МХЕГ-д хүлээн авдаг байсан нь өөрчлөгдөж 2015 оноос үндэсний статистик бүртгэлд бүртгэдэг болсон. ҮО-ыг аж ахуйн нэгж байгууллага мэдээллийн сүлжээнд бүртгэж, нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын нэгж хянан үзэх ба үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актыг цаасаар хүлээн авч, баталгаажуулдаг.
Монгол Улсын хэмжээнд 2009-2017 онд үйлдвэрлэлийн ослын 3321 тохиолдол бүртгэгдсэн. ҮО-ын улмаас 509 хүн нас барж, 761 хүн гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, 2051 хүн хөдөлмөрийн чадвар түр алдсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд МХЕГ-д жилд дунджаар 369 хүн ҮО-д орсон талаар бүртгэгдсэн байна.
2017 онд 332 хүн ҮО-д орсны 36%(121) нь бүдэрч халтирч унасан, 20%(67) нь ижил төвшнөөс унасан, 15.6%(52) өндрөөс унасан,12.6%(42) нь цацраг идэвхийн нөлөөнд өртсөн, 12.6%(42) химийн бодисын хурц хордлогод өртөн байна.
2009-2017 оны хооронд нийт 3321 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэнээс шинэ тохиолдлыг салбараар нь авч үзвэл уул уурхай 18.3% (608), барилга 12.2%(408), зам тээвэр 9.9% (332) тохиолдол бүртгэгдсэн байна.
Дараах зургаар 2009-2017 онд 100,000 хүн амд ногдох ҮО-ын тохиолдлын тоог харуулав. Зургаас харахад жилд дунджаар 33.4 ҮО-ын тохиолдолд 100,000 хүн тутамд бүртгэгдсэн байна. ҮО-ын тохиолдолд 2009 оны байдлаар 36.3 байснаа 2017 онд 24.2 тохиолдол буурах хандлага ажиглагдаж байна.
АУ-ны доктор Д.Нарансүх