Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтний чадамжид тавигдах шаардлага

Аливаа салбарт мэргэжлийн үйл ажиллагаагаа бүрэн хангалттай  хэрэгжүүлэхийн тулд мэдлэгээ тогтмол дээшлүүлэх, ажлын байранд тавигдах ур чадварыг эзэмшсэн, зөв хандлагатай байх чадамжийг ажилтнаас шаарддаг.

Ажилтан мэргэжил эзэмшсэн байдлыг диплом, гэрчилгээ, дүнгийн хавсралт гэх мэт боловсролын албан ёсны баримт бичгээр баталгаажуулдаг. Мэргэжлийн мэдлэг, ур чадварыг их дээд сургуулийн сургалтаас гадна, практик үйл ажиллагаа, тасралтгүй сургалтын хослолоор олж авах боломжтой. Ийнхүү олж авсан мэдлэг, чадвар, дадлага туршлагыг боловсролын албан баримт гэхээсээ илүүтэйгээр шалгалт, ажлын түүх, лавлагаа захидал, ажил мэргэжлийн амжилт зэргээр баталгааждаг.

Ажил олгогчид мэргэжил эзэмшсэн төдийгүй мэргэжлийн ажлаа хангалттай биелүүлэх мэдлэг, ур чадвартай ажилтныг ажилд авахыг зорьдог. Нөгөө талаас ажилтан мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нотлон харуулж хүссэн ажилдаа орох, карьераа өсгөхийг хүсдэг. Ажил олгогч, ажилтны энэхүү бодит хэрэгцээнд суурилан “мэргэжлийн чадамж”-ийг тодорхойлох асуудал зүй ёсоор тавигдаж байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжийг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлсноор мэдлэг, ур чадварт суурилсан өрсөлдөөнийг дэмжиж, чадварлаг мэргэжилтнүүдийг  бэлтгэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарыг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дээрх хэрэгцээнээс үүдэн мэргэжлийн холбоонууд мэргэжлийн чадамжид тавигдах шаардлагыг тодорхойлж, хүсэлт гаргасан мэргэжилтний ур чадварыг нь үнэлж баталгаажуулах тогтолцоо олон улсад нэгэнт бий болжээ. АНУ, Австрали, Малайз, Их Британи зэрэг орнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн холбоод ийм төрлийн тогтолцоог бий болгож, мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч(Certified Occupational Hygienist)-ийн шалгалтыг зохион байгуулдаг. Зохих шалгуурыг хангасан мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нь тодорхой хугацааны давтамжтай шалгалт дахин өгөх эсвэл тасралтгүй сургалтын кредит оноо цуглуулж  зэргээ хадгалах шаардлагатай.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч  болох нь ажил мэргэжлийн карьерээ дээшлүүлэх, ажлын байраа баталгаажуулах, цалин орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг мэргэжилтэнд олгодог. АНУ, Австрали, Канад, БНСУ зэрэг орнуудад мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нар ихэнхдээ томоохон үйлдвэр, компанид хөдөлмөрийн эрүүл ахуйн төлөвлөлт, шийдвэр гаргах түвшний ажлыг хийдэг бөгөөд цалин урамшуулал нь ч өндөр байдаг. Зарим компани хөдөлмөрийн эрүүл ахуйч ажилд авах зар гаргахдаа мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч зэрэгтэй бол давуу байдал олгох мэдэгдэл хийдэг. Тухайлбал Рио Тинто групп уурхайн төслийн хөдөлмөрийн эрүүл ахуйн удирдах албан тушаалд заавал Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч ажлуулах журам мөрддөг.

Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь ажилтны эрүүл мэндэд ажлын байрны хими, физик, биологи, эргономик, нийгэм-сэтгэл зүйн зүйлс сөргөөр нөлөөлдөг тул эдгээрийн шинж чанарын талаарх суурь ойлголт мэдлэгтэй шаардлага хөдөлмөрийн эрүүл ахуйч нарт тулгардаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай суурь мэдлэгийг доор жагсаан бичив.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаанд шаардлагатай суурь мэдлэг, чадвар:

  • Эрүүл мэндийн суурь мэдлэг: Хүний биеийн анатоми, физиологи, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хор судлал, тархвар судлал г.м,
  • Эрүүл ахуйн суурь мэдлэг: Ерөнхий эрүүл ахуй, хүнс, орчны эрүүл ахуй, эрүүл ахуйн хяналт шалгалт, зураг төслийн эрүүл ахуйн хяналт г.м,
  • Хими: Хорт бодисын өртөлтийг хэмжиж үнэлэх, урьдчилан сэргийлэлт,
  • Физик: Шуугиан, доргион, дулааны стресс ионжуулагч цацраг, үйлдвэрийн агааржуулалт зэрэг физикийн хүчин зүйлсийн өртөлтийг хэмжиж үнэлэх, эдгээрийн урьдчилан сэргийлэлт,
  • Биологи: Физиологийн хариу урвал, бактер, вирүс, мөөгөнцөр г.м,
  • Эргономик: Ажлын байрны эргономикийн хүчин зүйлсийг үнэлэх,
  • Тархвар судлал: Ажилтнуудын өвчлөл, ажлын байрны эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судлах,
  • Хор судлал: Хортой хүчин зүйлсээс эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх,
  • Биостатистик: Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн үр дүнг боловруулах, үнэлгээ өгөх,
  • Хууль эрх зүй: ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, техникийн зохицуулалт,
  • Мэдээллийн технологи: Хэмжилтийн багажийн программ хангамжийг ашиглах, хэмжилтийн өгөгдөлтэй ажиллах,
  • Интернэт, бусад эх сурвалжаас мэдээ баримт хайх: Хортой аюултай хүчин зүйлсийн мэдээлэл, ажил үүргээ биелүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг хайх,
  • Мэдээллийг боловсруулах, тайлагнах: Хэмжилт үнэлгээний тайланг боловсруулах, илтгэл бэлтгэх, удирдлага, ажилтны төлөөлөлд мэдээлэл өгөх
  • Сургалт зааварчилгаа: Ажилтнууд, удирдлагуудад сургалт, мэдээлэл хийх      

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамж нь  мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд мэргэжилтний зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагын нэгдэл юм. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамж нь дараах түвшнүүдэд ангилагдана. Үүнд:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн техникч;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч хамаарна.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн техникчийн чадамж:

Мэдлэг. Хөдөлмөрийн эрүүл ахуйн техникч нь дипломоос дээш боловсролын зэрэгтэй, хими, биологи, физик, математик суурь мэдлэгэтэй байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтад хамрагдаж ажлын байран дахь эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн шинж чанар, нөлөө, тэдгээрийн өртөлтөт тавих хяналтын арга хэмжээний эрэмбэ, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хэрэглээ, эрүүл ахуйн хэмжилт, сорьц цуглуулах арга техникийн талаарх суурь мэдлэгэтэй байна.

Чадвар. Хөдөлмөрийн эрүүл ахуйн техникч дараах чадварыг эзэмшвэл зохино:

  • Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтны гаргасан стратеги, төлөвлөгөөний дагуу хэмжилт, сорьц цуглуулалтыг хийж, үр дүнтэй хамтран ажиллах;
  • Хэмжилт, сорьц цуглуулалтаа амжилттай гүйцэтгэхэд нь ач холбогдол бүхий мэдээлэл өгөгдөл (дата), программ хангамжийг интернетээс хайж олох;
  • Хими, биологи, цацраг, физикийн аюултай хүчин зүйлсийн өртөлтийг тодорхойлох хэмжилт, сорьц цуглуулалтын арга зүй, мэдлэг;
  • Сорьц цуглуулалт, шууд хэмжилтийн багажны шалгалт тохируулгыг гүйцэтгэх;
  • Сорьц цуглуулалт, хэмжилтийн үр дүнг холбогдох стандарттай харьцуулан үнэлэх;
  • Сорьц цуглуулалт, хэмжилтийн үр дүнг цахим бүртгэл, хадгалалтын системд оруулах;
  • Хор аюулын лавлах мэдээллийн уншиж ойлгох, ашиглах;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн журам дүрэмтэй холбоотой ажил үүргийг (амьсгал хамгаалах журмын хүрээнд амьсгал хамгаалах хэрэгслийн тохирооны сорилыг хийх гэх мэт);
  • Үр дүнтэй аман болон бичгийн харилцааны чадвар;
  • Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн зөв хэрэглээг бодитоор үзүүлэн таниулах сургалт хийх.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтны чадамж:

Мэдлэг. Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан нь баклаврын эсвэл аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлийн төгсөлтийн (магистр, доктор) зэрэгтэй байна. ХЭА-н ажилтан нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хичээлийг 64 академик цагаас багагүй хэмжээгээр судласан байна. ХЭА-н ажилтан нь ажлын байран дахь эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн шинж чанар, нөлөө, тэдгээрийн өртөлтөт тавих хяналтын арга хэмжээний эрэмбэ, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хэрэглээ, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээний үр дүнгийн хэрэглээ, ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалтын ерөнхий ойлголт зэрэг суурь мэдлэгтэй байна.

Чадвар: ХАБЭА-н ажилтан нь хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаагаа хэрэгжүүлхийн тулд дараах чадварыг эзэмшвэл зохино:

  • Компютерийн энгийн функцыг ашиглан өгөгдөл мэдээлэл оруулах,  виртуал хурал, вэбинарт оролцох;
  • Интернет ашиглан ХЭА-н үйл ажиллагаанд нь ач холбогдол бүхий лавлагаа материал, мэдээллийг хайж олох;
  • Хими, физик, биологи, цацрагийн аюултай хүчин зүйлсийн хэмжилтийн арга зүйн талаарх ойлголттой, ашиглах;
  • Сорьц цуглуулалт, шууд хэмжилтийн багажны шалгалт тохируулгыг гүйцэтгэх;
  • Сорьц цуглуулалт, хэмжилтийн үр дүнг холбогдох стандарттай харьцуулан үнэлэх;
  • Хор Аюулын Лавлах Мэдээллийн уншиж ойлгох, ашиглах;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх хяналтын арга хэмжээний эрэмблэлтийн талаар мэдлэгэтэй, түүнийг ашиглах;
  • Үр дүнтэй аман болон бичгийн харилцааны чадвар;
  • Хувийн хамгаалах хувцас хэрэгсэлийн сонголтыг зөв хийх;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээний тайланг хянаж унших, улмаар үр дүнг нь ажил олгогч, удирдлагад тайлбарлаж өгөх, хөрвүүлэн ойлгуулах чадварууд хамаарна.

Энд ХАБЭА-н ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар эзэмшвэл чадварыг тодорхойлоогүй болно.

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн чадамж:

Мэдлэг, туршлага. Хөдөлмөрийн эрүүл ахуйч дараах мэдлэг, туршлагын шаардлагыг биелүүлсэн байна.

  1. Их дээд сургуульд “Хөдөлмөрийн эрүүл ахуй/үйлдвэрийн эрүүл ахуй”, “Нийгмийн эрүүл мэнд судлал(эрүүл ахуй-тархвар судлал)”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдал” эсвэл эдгээртэй дүйцэхүйц чиглэлээр баклаврын зэрэгтэй төгссөн байна. Их дээд сургуульд дараах хичээлийг зайлшгүй үзэж судалсан байна. Үүнд:
  • Байгалийн ухааны суурь хичээлүүд (хими, физик, биологи);
  • Хүний биеийн анатоми, физиологи;
  • Биостатистик;
  • Тархвар судлал;
  • Хор судлал;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй;
  • Эргономик;
  • Шуугиан ба физикийн аюултай хүчин зүйлс;
  • Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын суурь ойлголт;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх арга зүй;
  • Инженерийн хяналт ба Үйлдвэрийн агааржуулалт;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хууль эрх зүй;
  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 4 жилээс багагүй хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан байна. Үүнд уг мэргэжлээр суралцсан хугацааг оролцуулан 5 жилээс ихгүй хугацаагаар тооцож болно.
  2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн сургалтыг дүүргэснийг гэрчилэх хүчин төгөлдөр бүхий диплом эсвэл гэрчилгээтэй байна.
  3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн холбоогоор баталгаажсан Мэргэжлийн зэргийн гэрчилгээтэй байна.

Чадвар: Хөдөлмөрийн эрүүл ахуйч нь дараах чадварыг эзэмшвэл зохино:

  • MS Excel (эсвэл ижил төстэй программ), статистик боловсруулалтын программ, илтгэл танилцуулга бэлтгэх, имэйлээр харилцах, MS Word (эсвэл ижил төстэй программ)  ашиглах;
  • Үйлдвэрлэлийн эсвэл бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хөдөлмөрийн эрүүл ахуйд ач холбогдол бүхий лавлагаа мэдээллийг хайж олох (эрүүл мэндийн эрсдэлийн талаарх мэдээлэл өгөгдлийг интернэт эх сурвалж, эрх зүйн зохицуулалт, стандарт, үйлдэрийн мэдээллээс хайх);
  • Ажилтны эрүүл мэндийг хамгаалах дүрэм журам, сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Байгууллагын бизнесийн болон үйлдвэрийн процесстэй холбоотой (мониторинг, тандалтын өгөгдөл, бэртэл гэмтэл, өвчлөлийн өгөгдөл, тайлан, аюулгүй байдал, эрүүл мэндийн хөтөлбөр)-ын талаарх өгөгдөл мэдээллийг  дотоодын түүхчилсэн өгөгдөл, үндэсний болон олон улсын стандарттай харьцуулан үнэлэх, эрсдэлийг тодорхойлох;
  • Байгууллагын бизнесийн болон үйлдвэрийн процесстэй холбоотой эрүүл мэндийн аюулын өртөлтийг таньж, хэмжих үнэлгээг үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн (ажлын байранд ажиглалт хийх, үйлдвэрийн процессын шат дамжлагын схемыг тодорхойлох, эрүүл мэнд, аюулгүй байдлын тогтолцоо, хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, ажилтнууд, удирдах ажилтнуудтай ярилцах гэх мэт) арга зүйгээр хийж, тохирох хяналтын арга хэмжээг зөвлөх;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээний өгөгдлийг хөрвүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн аналитик арга техникийг ашиглан эрсдэлийг үнэлж, залруулах арга хэмжээг ач холбогдолоор нь эрэмблэх;
  • Эрсдэлийг хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй түвшинд хүртэл бууруулах хяналтын арга хэмжээг тодорхойлж, зөвлөмж боловсруулах;
  • Удирдлагатай үр нөлөөтэй харилцаа үүсгэж хэмжилт үнэлгээний үр дүнг зохих баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлан ойлгуулах, тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тохиромжтой менежментийн арга хэмжээний үндэслэлийг тодорхойлох, болзошгүй хохирлоос сэргийлэх;
  • Тодорхойлсон аюулыг хянах арга хэмжээний (техник технологи, удирдлага зохион байгуулалт, хувийн хамгаалах хэрэгсэл) мэдээллийг тохиромжтой арга хэлбэрээр холбогдох талуудад хүргэж мэдээлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  • Эрсдэлийн удирдах тохиромжтой хяналтын арга хэмжээний (зөвлөл байгуулах, сургалтыг төлөвлөж зохион байгуулах, бүртгэл мэдээллийг хадгалах, өгөгдлийг цуглуулах, гэрээт байгууллага/ажилтнуудтай хамтран ажиллах, тоног төхөөрөмжийг зөв сонгох, амьсгал хамгаалах маск, хязгаарлагдмал орчинд нэвтрэх менежмент, түгших/пайзлах, аюулгүй байдал, эрүүл мэндийн бусад хөтөлбөр) загварыг тодорхойлж, хэрэгжүүлэх чадварууд хамаарна.

Анагаах ухааны доктор Д.Нарансүх