Тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчний эдийн засгийн хохирол
Ажлын байран дахь тоосны өртөлт нь ажилтнуудад мэргэжлээс шалтгаалсан багтраа, гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушги тоосжих өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин зэргийг үүсгэдэг. 2019 оны байдлаар манай улсад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 3037 хүн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 17 хувь нь тоостой холбоотой өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болжээ.
Тоосны өртөлтөөс шалтгаалсан өвчний эрсдэлд уурхай, тээвэр, барилга, эрчим хүч үйлдвэрлэл зэрэг салбарын ажилтнууд хамгийн ихээр өртөж байна. Сүүлийн жилүүдэд 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсад уурхай, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа идэвхжиж, эрсдэлтэй ажлын байранд ажиллагсадын тоо нь нэмэгдэх болсон. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн эрүүл ахуйн урьчдилан сэргийлэх арга хэмжээ төдийлөн үр нөлөөтэй хэрэгжиж чадахгүй байгаа нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол буурахгүй байгаагаар илэрхийлэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалт, үүнээс шалтгаалсан цаг бус нас баралтын тохиолдол нэмэгдэж, нийгэм-эдийн засгийн хохирлын тоо улам бүр өсөх төлөв ажиллагдах болсон.
Уушги тоосжих өвчинтэй хүн дунджаар 56 наслаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь Монгол хүний дундажаас наслалтаас 14.4 жилээр бага үзүүлэлт юм. Манай улсад мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдаж буй хүн амын 84% нь 30-46 насныхан бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн ид бүтээмжтэй насанд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдаж байгаа нь хувь хүний амьдралын чанар, наслалт төдийгүй, байгууллага, улс орны нийгэм-эдийн засагт сөргөөр нөлөөлж байна
2020 онд хийгдсэн Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааны дүнд үндэслэн МШӨ-ний зардлын тооцоолол хийлээ. 2019 оны байдлаар тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 505 хүн тэтгэвэр авч байна. Тоосны шалтгаант өвчний нэг тохиолдолд нийт 243.5 сая төгрөгийн зардал тооцоологдов. Нийлбэр дүнгээр тоосны шалтгаант өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан 505 тохиолдлын нийт зардал 122.9 тэрбум төгрөг болж байна. Үүний 76.8%-ийг улсаас гардаг нийгмийн даатгалын сангийн, нийгмийн халамжийн, хувь хүний орлогын албан татварын алдагдлын гэсэн зардал бүрдүүлж байна.
Мэргэжлээс шалтгаалсан өвчний зардлыг дараах байдлаар ерөнхийд нь ангиллаж болно. Үүнд:
- Ажил олгогчоос гарах хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн олговор, шинэ ажилтан ажилд авах, сурган дадлагажуулах зардал;
- Ажилтнаас гарах цалингийн орлогын алдагдал, эрүүл мэндийн зардал;
- Улсаас гарах нийгмийн даатгалын сангийн зардал, нийгмийн халамжийн, хувь хүний орлогын албан татварын алдагдлын зардал хамаарна.
Тоосны шалтгаант өвчний улмаас цаг бусаар нас барах, амьдралын чанар алдагдах гэх мэт мөнгөн дүнгээр тооцох боломжгүй зардлыг энд тооцоогүй болно.
АУ-ны доктор Д.Нарансүх