Судалгаа: Албан тасалгаанд ажиллагсадын яс булчин тулгуур хөдөлгөөний эмгэгт өртөх эрсдэл

АУ-ны доктор Д.Нарансүх, НЭМ-ийг магистр Г.Цацрал

2013 онд хийсэн оффисын ажлын байранд ажиллагсад эргономикийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас яс булчин холбогч эдийн эмгэгээр өвдөх эрсдэлийн судалгааны дүнгээс хүргэж байна. Энэхүү судалгааны ажил минь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн салбар Эрдмийн  чуулганы шилдэг бүтээлээр шалгарч, Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлд (Vol.9, No3 (25) 2003) нийтлэгдэж байсан билээ.

Үндэслэл. Албан тасалгаанд ажилладаг ажилтан, албан хаагчдыг үйлдвэрийн ажилчидтай харьцуулахад тав тухтай нөхцөлд ажилладаг боловч эргономикийн тохиромжгүй хүчин зүйлсэд илүү өртдөг. Тохиромжгүй харьцаатай ширээ, сандал, ажилтаны хөдөлгөөнгүй суугаа, албадмал байрлал,  компьютерын дэлгэцний буруу байрлал, дэлгэцнээс гэрэл ойх, гялбах зэргээс шалтгаалан ажилчдын дунд карпал туннел синдром (гарын сарвууны мэдрэл, булчингийн хам шинж), хүзүү, мөр, сээр нурууны нугламын эмгэг зэрэг яс-булчин, тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэг үүсдэг. Европын улс орнуудад хийгдсэн судалгаагаар хөдөлмөр эрхлэж буй хүн амын 25% нь хүзүү, мөр, гарны ямар нэгэн өвдөлттэй байдаг гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг [1]. Түүнчлэн  эргономикийн тохиромжгүй хүчин зүйлс нь ядралт үүсгэх төдийгүй ажиллах чадвар, хөдөлмөрийн бүтээмжинд сөргөөр нөлөөлж идэвхтэй, үр бүтээлтэй ажиллах цагийг богиносгодог. Ажлын байранд эргономикийн тохиромжгүй хүчин зүйлсийг судлан тогтоож, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр яс булчин тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэгээс сэргийлэх, ажлын гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжийг хэвийн хэмжээнд хадгалахад чухал ач хологбдолтой юм [2]. Албан тасалгааг төлөвлөх, зохион байгуулахдаа түүнд хэрэглэгдэх ширээ, сандал, компьютерын дэлгэцийг байрлуулах, мөн худалдан авахдаа эргономикийн шийдлийг нь  харгалазхгүй байх  тохиолдол түгээмэл ажиглагддаг. Тийм учраас албан тасалгааны эргономикийн байдалд үнэлгээ хийснээр ажилчид өртөж байгаа буюу цаашид өртөж болзошгүй  яс булчин, тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэгээс сэргийлэх боломжийг олгодог. Гэхдээ манай оронд ийм төрлийн судалгаа хараахан хийгдэж байгаагүй тул энэхүү судлагааг хийснээр албан тасалгаанд ажиллагсадын яс булчин, тулгуур хөдөлгөөний эрхтний эмгэгт өртөх эрсдлийг  үнэлж, тэдэнд тулгамдаж буй хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг 2012 оны 11 сараас 2013 оны 2 сарын хооронд агшингын загвараар ажиглалтын болон асуумжийн аргыг ашиглан гүйцэтгэв. Оюу Толгой ХХК-ны Улаанбаатар хот дахь 4 оффисод ажиллаж байгаа 780 албан хаагчдаас тухайн байгууллагад 1 сараас дээш хугацаагаар ажиллаж байгаа, өдөрт 4-с дээш цагаар сууж ажилладаг шалгуурыг хангасан 224 хүнийг судалгаанд сонгож оролцуулав. Араг яс булчингийн эмгэгт өртөх эрсдлийг McAtamney, Corlett нарын боловсруулсан “RULA (work related upper limb disorders) үнэлгээний сорил, оноог” ашиглан үнэлж ажилчдын нас, хүйс, ажилласан жил зэрэг ерөнхий мэдээллийг асуумжийн хуудсаар цуглуулав. RULA үнэлгээгээр 1-2 оноо нь  зөвшөөрхүйц байрлалтай (эрсдэлгүй), 3-4 оноо нь нэмэлт үнэлгээ хийх боломжтой (бага эрсдэлтэй), 5-6 оноо нь нэмэлт үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай, ялангуяа ажлын байрлалыг өөрчлөх хэрэгтэй (дунд эрсдэлтэй), 7 оноо нь үнэлгээг дахин нарийвчлан хийж, ажлын байрлалыг нэн даруй өөрчлөх  шаардлагатай (их эрсдэлтэй) гэж дүгнэв. Асуумжийн судалгаагаар ажилчдын нас, хүйс, ажилласан жил, ажлын дундуур явцад богино завсарлагаа авдаг байдал зэргийг судлав. Судалгааны мэдээ баримтыг Microsoft Excel программд кодлон оруулж,  STATA 11.0  программ  руу хөрвүүлж статистик дүн шинжилгээг хийлээ. Регрессын аргыг ашиглаж RULA үнэлгээний оноог ажилчдын нас, хүйс зэрэг хувьсагч хүчин зүйлтэй нь харьцуулан дүн шинжилгээ хийж, регрессын коэффициентийн статистик ач холбогдол p утга 0.05-аас бага байхаар тооцлоо.

Судалгааны үр дүн. Судалгаанд хамрагдсан ажилчдын (n=224) RULA үнэлгээний голч оноо 3.78±1.05, хамгийн их нь 7, хамгийн бага нь 2 оноотой байв (График 1). Эрэгтэй ажилчдын араг яс булчингийн эмгэгт өртөх эрсдэл (n=83, µ=3.69, σ=1.06) эмэгтэйчүүдээс (n=140, µ=3.82, σ=1.06) бага түвшинд байлаа.  Үүнийг нарийвчлан судлахад эмэгтэйчүүдийн 20% (80-100 дахь прецентиль) нь 5-6 оноотой буюу дунд зэргийн эрсдэлтэй, эрэгтэй ажилчдын 100% дахь прецентиль 5-аас бага оноо авч эрсдэл багатай ангилалд хамаарч байна.

Түүнчлэн RULA үнэлгээний оноо ажилчид богино хугацаагаар завсарладаг эсэхээс хамааран ялгаатай байв. Ажлын явцад биеийн чилээ гаргах, ядаргаа тайлах зорилгоор үе үе завсарладаг ажилчдын 13,2%, маш бага завсарладаг ажилчдын 37,9% нь 5-аас их оноотой яс булчин тугуур хөдөлгөөний эмгэгт өртөх эсдэл нь дундаас дээгүүр гэж үнэлэгдсэн байна (OR=0.591; 95%CI 0.452~0.773;p=0.000).

Ажилчдын яс булчин тулгуур хөдөлгөөний эмгэгт өртөх эрсдэл нь тэдний нас, ажилласан жилээс хамаарч байгаа эсэхийг регрессын аргаар шалгахад статистик үнэн магадтай болох нь батлагдсангүй. Гэхдээ судалгааны мэдээ цуглуулах үед 25-аас доош насныхны дунд буруу байрлалтай сууж ажиллах хандлага түгээмэл ажиглагдаж байсан. Тухайлбал 25-аас доош насны бүлгийнхний 50.0% нь 3-5 оноо авсан бол 25-аас дээш насныхны 50.0% нь 3-4 оноотойгоор үнэлэгдсэн. Нийт ажилласан жилээр судлахад 13-59 сар (2-5 жил) ажиллаж байгаа ажилчид хамгийн өндөр оноотой буюу 50.0% нь 3-5 оноо авсан байна (График 2).

 

Хэлцэмж. Судалгаанд хамрагдсан ажилчдын 75% нь дээд мөчдийн яс булчингийн эмгэгт өртөх эрсдэл багатай гэж үнэлэгдсэн. Гэвч энэ нь ажиглалт хийх үеийн ажлын байрлалыг үнэлсэн, харин ажлын 8 цаг эсвэл ажлын 5 өдрийн турш сууж ажилладаг байрлалыг судлах боломжгүй байв. Мөн RULA үнэлгээ нь  ажилчдын өртөж болзошгүй дээд мөчдийн яс булчингийн эмгэгийн эрсдлийн түвшинг ерөнхийд нь үнэлдэг. Судлаачид ажилчдын дээд мөчдийн яс булчингийн эмгэгт өртөх эрсдлийг судлахдаа RULA үнэлгээг OCRA, HAL, OREGE,  STRAIN INDEX  зэрэг  аргуудтай хослуулан ашиглаж нарийвчилан тодорхойлдог [4,5,6]. Гэвч эдгээр хосолсон аргаар үнэлгээ хийх нь цаг хугацаа, хүн хүч ихээр шаарддаг байна. Харин RULA үнэлгээг нь богино хугацаанд ажилчдын дээд мөчдийн араг яс булчингийн эмгэгт өртөх эрсдлийн түвшинг тодорхойлж, ажилчдын өртөж буй  эргономикийн эрсдэлт хүчин зүйлс, түүний нөлөөллийг бууруулах, яс булчингийн эмгэгээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд тохиромжтой гэж үздэг.

Дүгнэлт. Судалгаанд хамрагдсан дээрх албан тасалгаанд ажиллаж байгаа албан хаагчдын 25% нь дээд мөчдийн яс булчингийн эмгэгт өртөх дундаас дээш эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.  Ажилчид удаан хугацаагаар завсарлахгүйгээр ажиллах нь тэдний ажлын байрлалд нөлөөлж, яс булчингийн эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Талархал. Энэхүү судалгаа гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан Оюу Толгой ХХК-д судалгааны багийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Ном зүй.

  1. Erwin M Speklé, Marco JM Hoozemans, Birgitte M Blatter, Judith Heinrich, Allard J van der Beek,Dirk L Knol, Paulien M Bongers, and Jaap H van Dieën, Effectiveness of a questionnaire based intervention programme on the prevalence of arm, shoulder and neck symptoms, risk factors and sick leave in computer workers: A cluster randomised controlled trial in an occupational setting, BMC Musculoskeletal Disorders 2010, 11:99
  2. Gawke JC, Gorgievski MJ, van der Linden D, Office work and complaints of the arms, neck and shoulders: the role of job characteristics, muscular tension and need for recovery, J Occup Health. 2012;54(4):323-30.
  3. Lynn McAtamney and E Nigel Corlett, RULA: a survey method for the investigation of world-related upper limb disorders, Applied Ergonomics 19%. U(2): 91-99
  4. Shanahan CJ, Vi P, Salas EA, Reider VL, Hochman LM, Moore AE , A comparison of RULA, REBA and Strain Index to four psychophysical scales in the assessment of non-fixed work, 2013 Jan 2.
  5. Sala E, Torri D, Tomasi C, Apostoli P. , Risk assessment for upper extremity work related muscoloskeletal disorders in different manufactures by applying six methods of ergonomic analysis, G Ital Med Lav Ergon. 2010 Apr-Jun;32(2):162-73
  6. Troy Jones Shrawan Kumar, Comparison of Ergonomic Risk Assessment Output in Four Sawmill Jobs, International Journal of Occupational Safety and Ergonomics (JOSE) 2010, Vol. 16, No. 1, 105–111
  7. NIOSH Toolbox, Office Workplaces and Computer Workstations Checklist. Last revision: September 2000

Abstract. The goal of this study is to evaluate risk of upper limb musculoskeletal disorder among office workers. The study was performed by cross sectional design and utilized an observational method and a questionnaire. Total of 224 workers were recruited in the study out of 780 workers from Ulaanbaatar based four offices, Oyu Tolgoi Company. A selection criteria for study was employment duration of officers who have been working over 1 month in the company, and work position in the office if they work more than 4 hours per workday. The observation was performed by RULA tool that developed by McAtamney and Corlett to evaluate risk of upper limb musculoskeletal disorder. General information of the workers was collected by the questionnaire. The mean score of the RULA was 3.78±1.05 (max=7.0, min=2.0) among the office workers.  The risk of upper limb musculoskeletal disorder was different among male and female office workers. Female workers (n=140, µ=3.82, σ=1.06) were evaluated with higher risk than male workers (n=83, µ=3.69, σ=1.06).  Also, the RULA score of the office workers depends on their habit to take short break during working hours. Totally, 13.2% of office workers who frequently take short break and 37.9% of the workers who rarely take short break were evaluated with 5 score of RULA or greater risk than medium level (OR=0.591; 95%CI 0.452~0.773;p=0.000).

Keyword. Musculoskeletal disorders, office ergonomics, RULA