Дулааны цахилгаан станцын ажилтнууд шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгт өртөх эрсдэл

НЭМ-ийн магистр О.Болорсүх, АУ-ны доктор Д.Нарансүх

Судалгааны үндэслэл: Мэргэжлээс шалтгаалсан сонсгол буурах эмгэг олон шалтгаантай хэдий ч, ихэнх тохиолдол нь ажлын байран дахь хэт чанга шуугианаас үүдэлтэй. Ажилтан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн шуугианд өртөх, сонсгол хамгаалах хэрэгслийг зохих ёсоор хэрэглэхгүй байх нь сонсгол буурах эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэт чанга шуугианы улмаас хүний сонсголын эрхтэн гэмтэж, эргэшгүй өөрчлөлтөнд ордог. Нэгэнт сонсгол алдагдсан тохиолдолд үүнийг бүрэн эмчлэх, нөхөн сэргээх боломжгүй юм.

Монгол Улсын хэмжээнд 1975-2015 оны хооронд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн нийт 9759 тохиолдол бүртгэгдсэн байна. Эрчим хүчний салбарын ажилчдад мэргэжлээс шалтгаалах оношлогдсон өвчлөлийн тохиолдол (1074)-ын 28.4% (306) нь  шуугианы гаралтай сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвар алджээ. Энэ нь эрчим хүчний ажилчдын дунд шуугианы гаралтай сонсгол буурах эмгэгт эрсдэл өндөртэй байгааг харуулж байна. Тиймээс эрчим хүчний, ялангуяа дулааны цахилгаан станцын ажилчдын ажлын байран дахь шуугианы өртөлтийг судлах, шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгт өртөх эрсдэлийг нь тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм.

Зорилго: Дулааны цахилгаан станцын ажилчдын ажлын байрны шуугианы өртөлтийг судлахад судалгааны ажлын зорилго оршино.

Зорилт:

  1. Дулааны цахилгаан станцын ажилчдын ажлын байрны шуугианы өртөлтийг хувь хүний сонсголын түвшинд судлах
  2. Ажилчдын сонсгол алдагдалтанд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг судлах

Судалгааны арга зүй: Судалгаанд дескриптив судалгааны агшингийн загварыг ашиглан “ДЦС-3” ТӨХК-ийн 9 цехийн 786 ажилчдаас 120 ажилчныг судалгаанд сонгох шалгуурын дагуу зориудаар хамруулав. Ажилчдын шуугианыг өртөлтийг Casella-35x санах ой бүхий шуугианы дозиметрээр ажлын ээлжийн турш хэмжив. Ажилчдын нас, хүйс, ажилласан жил, ажлын цаг, бусад мэдээллийг тусгайлан боловсруулсан асуумжаар цуглуулав. Судалгааны мэдээ баримтыг Microsoft Office Excel программд кодлон оруулж, улмаар STATA-12 программ руу хөрвүүлэн, статистик дүн шинжилгээ хийлээ. Хэмжилтээр тодорхойлсон шуугианы түвшинг АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (US NIOSH)-ийн зөвлөмжтэй харьцуулан үнэлэв. Судалгааг эхлүүлхээс өмнө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл авав.

Үр дүн:  “ДЦС-3” ТӨХК-ийн судалгаанд хамрагдсан 22-58 насны (n=120) ажилчдын дундаж нас 37.31±9.66 байсан бөгөөд 80.17% эрэгтэй, 19.83% эмэгтэйчүүд байв. Ажилласан жилээр авч үзвэл, тухайн ажлын байранд 1-5 жил ажиллаж буй 44, 6-10 жил ажиллаж буй 25 хүн байсан нь зонхилох хувийг эзлэж байна.

Ажлын байранд сонсгол гэмтээх хүчин зүйлсийг асуумжаар судлахад бүх ажилчид чанга шуугианд өртөж ажилладаг, 98.3% нь шуугианы улмаас бусадтай чанга хашгирч ярьдаг, 45.9% нь ажлын дараа чих шуугьдаг, 71.2% нь гэртээ зурагт, радионы дуу чангалдаг, 69,4% нь бусадтай ярилцах үедээ нэг үгийг давтан асуудаг болох нь тогтоогдов.

Шуугианы хэмжилтээр ажлын байранд шуугианы даралтын түвшин дунджаар  87.7±5.1 дБА  байсан нь  зөвлөмж хэмжээнээс 2.7 дБ-ээр их байна. Шуугианы даралтын түвшин С жинлэлт ажлын байранд дундажаар 136.7±6.7 дБС байгаа нь зөвлөмж хэмжээнд нийцэж байлаа.

Судалгаанд хамрагдсан ажилчдын 80.1 хувь нь зөвлөмж хэмжээнээс хэтэрсэн шуугианд өртөж байлаа. Ажилчдын өртөж буй шуугианы түвшингээр цехээр нь харьцуулахад дунд даралтын турбин болон засварын цехийн ажилчид хамгийн чанга шуугианд (91 дБА) өртөж байв. Эдгээр ажилчид зөвлөмж хэмжээнээс 6.2дБ-ээр их шуугианы түвшинд өртөж байлаа (Хүснэгт 1). Түүнчлэн түлш дамжуулах (86.59 дБА), дунд даралтын зуухан (85.43 дБА), өндөр даралтын зуухан (90.13 дБА), өндөр даралтын турбин (88.14 дБА), дулааны хянах хэмжүүрийн автоматик (85.46 дБА), механик цех (86.73 дБА)-ийн ажилчид ЗХ-ээс хэтэрсэн шуугианд өртөж байна.

Судалгаанд хамрагдсан 120 ажилтныг албан тушаалаар харьцуулбал, тээрмийн жижүүр 98.5 дБА , тээрмийн машинч 99.65 дБА  байгаа нь ЗХ-ээс 13.5-14.65 дБА -ээр их байна. Харин аппаратчин 80.9 дБА, ээлжийн ахлагч 82.57 дБА , ээлжийн дарга 82.77 дБА  байгаа нь дээрх стандартад заагдсан эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байна.

Хэлцэмж: БНХАУ-ын клиник-эпидемиологийн судалгааны төвөөс хийсэн судалгаагаар дулааны цахилгаан станцийн ажлын байранд шуугианы өртөлтийн дундаж түвшин 79.3±6.3 дБА хэмжигдсэн бөгөөд судалгаанд хамрагдсан 241 ажилчдын 6.6% нь (16) зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн чанга шуугианд өртөж байжээ. АНУ-ын Жиоржиа Их Сургуулийн хийсэн судалгаагаар дулааны цахилгаан станцын ажлын байруудад 302 удаагийн хэмжилтийн 18% (55) нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үр дүнг үзүүлжээ. Бидний хийсэн 120 хэмжилтийн 71.8%-д нь 85 дБА-ээс их утга хэмжигдсэн. Энэ нь ЗДХ-ээс хэтэрсэн хэмжилтийн тоо БНХАУ-д хийсэн судалгаанаас 65.2%-иар их, Жиоржиа Их Сургуулийн судалгаанаас 53.8%-иар тус тус их үнэлэгдсэн байна.

Судалгааны үр дүнг БНХАУ, АНУ-ын ижил үйлдвэрүүдэд хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулсан байдал

Дүгнэлт: ДЦС-ын ажилчдын шуугианы өртөлтийн түвшин дундажаар 87.7 дБА буюу зөвлөмж хэмжээнээс 2.7 дБ-ээр их байгаа нь шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгт өртөх эрсдэлтэй байгааг харуулж байна. Энэ нь ДЦС-ын ажилчдыг шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэгээс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна.

Түлхүүр үг: Шуугианы өртөлт, Шуугианы гаралтай сонсгол бууралт,  Шуугианы даралтын дундаж түвшин