Гарт дамжих доргионы эрүүл мэндийн нөлөөлөл

Ажлын механик тоног төхөөрөмж, багажаас үүсэх доргионд ажилтан өртөж ажиллах нь үйлдвэрийн практикт түгээмэл байдаг. Хөнгөн үйлдвэр, бутлах үйлдвэр, уул уурхай, барилга, ойн аж ахуй, газар тариалан, нийтийн аж ахуй болон бусад ажлын байруудад хэрэглэгддэг эргэлтэд, цохилтод цахилгаан гар багажуудаас үүсэх доргион нь ажилтны гарт дамжиж, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг бий болгодог. Түүнчлэн  ажилтан хүнд, хөнгөн машин механизм, тоног төхөөрөмж болон, моторт дугуй зэргийг жолоодох үед жолооны хүрднээс гарт доргион дамжих нөхцөл бүрддэг.

Гарт дамжих доргионы өртөлтийн хэмжээ MNS 6769:2019 стандартад заасан зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрснээр дээд мөчдийн хөдөлгөөний үйл ажиллагаа, мэдрэл, хурууны захын судасны бүтэцд өөрчлөлтийг болгож, эмгэг үүсгэдэг. Европын улс орнууд, АНУ-ын ажилтнуудын 1.7-3.6% нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсгэх  эрсдэл бүхий доргионд өртдөг талаар судалгааны тоо баримт байдаг. Гарт дамжих доргионы хам шинж өвчний үед доргионы өртөлтөөр үүсгэгдсэн гар, сарвуу, шууны захын хялгасан судас, мэдрэл, яс булчинд эмгэг өөрчлөлт бий болдог. Гарт дамжих доргионд өртсөн ажилтанд мэдрэх мэдрэл болон хялгасан судасны эмгэг дангаараа  эсвэл хавсарсан байдлаар үүсч болно. Цөөнгүй улс орнууд гарт дамжих доргионоос шалтгаалсан захын судасны эмгэг, яс, холбогч эдийн өөрчлөлтийг мэргэжлээс шалтгаалсан өвчинд хамааруулан, нөхөн олговор өгдөг.

Захын судасны эмгэг

Гарт дамжих доргионд өртсөн ажилтанд гарын хуруу цайх шинж илрэхийг “цагаан гар” эсвэл “Рейнауд”-ийн хам шинж гэдэг. Доргионы өртөлтийн улмаас хурууны судсанд бүтцийн өөрчлөлт үүсч улмаар цусны эргэлтийн түр дутмагшил бий болсны улмаас ажилтан даарах үед илэрдэг гарын хуруу цайх шинж илэрнэ.  Дэлхий нийтэд энэ эмгэгийг Рейнаудын хам шинж гэж нэрлэдэг. Уг нэршлийг 1892 онд анх тодорхойлсон Францын эмч Маурис Рейнаудын нэрээр нэрлэсэн. Доргион болон хүйтэн температурын хавсарсан нөлөө нь судас нарийсах явцыг түргэсгэж, цусны эргэлтийг бууруулдаг. Доргионы шалтгаант захын судасны эмгэгийг тодорхойлсон хэд хэдэн хэллэг байдаг. Үүнд: Цагаан гар, Мэргэжлийн шалтгаалсан Рейнаудийн үзэгдэл, гэмтлийн шалтгаант судас агших эмгэг, сүүлийн үед доргионы шалтгаант цагаан гарын хам шинж гэсэн нэршлээр хэрэглэгдэж байна.

Уг өвчний эхэн үед цайралт нэг эсвэл хоёр хурууны үзүүр хэсэгт үүсдэг. Доргионы өртөлт үргэлжилж буй тохиолдолд цайралт даамжирч хурууны уг  рүү давшдаг. Заримдаа цайралтын явц хөхрөх байдлаар илэрч болно. Цусны эргэлтийн удаашралаас хүчилтөрөгчийн дутмагшил үүсч, хуруунуудад хөхөвтөр толбо үүсдэг. Гарт бүлээн жин тавих, иллэг хийснээр цусны эргэлт сэргэж, хуруунууд улаавтар болж, чимчигнэж, өвдөлт мэдрэгддэг. Арьсны судаснуудын цусны урсгал эргэн идэвхжихэд цайрсан хуруунуудын өнгө буцаж хэвийн байдалд ордог. Ийнхүү хуруу цайрах шинж хүйтний улиралд ажилтанд илүү түгээмэл тохиолддог. Хэдэн минутаас нэг цаг хүртэл үргэлжилж болно. Үргэлжлэх хугацаа нь цайралт үүсгэх хүч болон судасны агшилтаас хамаарч харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн ажилтны бүх бие дулаацсанаар цайрах шинж арилдаг. Хэрэв доргионы өртөлт үргэлжилсээр байвал цайрах явц олон давтамжтай болж, улирал хамаарахгүй тохиолдох эрсдэлтэй. Хүндэрсэн тохиолдолд давталт нь нэмэгдэж, хурууны үзүүр хэсгийн арьсанд тэжээлийн дутагдал үүсч, шархлаа, хэсгийн үхжил тохиолдох аюултай. Рейнаудын хам шинжээр өвдсөн ажилтны хурууны хүрэлцэх мэдрэхүй буурч, эв дүй шаардсан нарийн ажил гүйцэтгэх чадвараа бүр мөсөн алдах эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор ажлын байранд осол гаргах ч шалтгаан болдог.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарт доргионы шалтгаант цагаан гарын хам шинж өвчлөлийн ангилалд хэд хэдэн ялгаатай шатлалын системийг боловсруулан ашигладаг.  1986 онд Стокгольм хотноо болсон хурлаар гарт дамжих доргионы хам шинж буюу Рейнаудын үзэгдлийн зэрэглэлийн ангиллыг боловсруулан, дэлхий нийтээр дагаж мөрдөхөөр зөвшилцсөн.  Уг ангилал нь хурууны цайралтын тэлэлт, давтамж, хүндрэлийн түвшнийг ашигладаг.

Рейнаудын хам шинжийг оношлоход гар, хурууг хүйтний нөлөөлөлд оруулж хурууны арьсны температур эсвэл цусны урсгал, даралтыг хэмжих аргыг ашиглана хамаарна. Хэмжилтийг гар хурууг хүйтний нөлөөлөлд орохоос өмнө, нөлөөлөлд байх үед болон дараа гэсэн гурван удаа хийнэ.

Тархвар судлалын судалгаанууд доргионд өртсөн ажилтнуудын дунд цагаан гарын хам шинж тархалт ихтэй байгааг тогтоосон. Энэ өвчин үүсэхэд хувь хүнээс хамаарсан хүчин зүйлс адилгүй нөлөөлдөг. Цагаан гарын хам шинж өвчлөл үүсэх, хүндрэл тохиолдох нь дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд:

  • доргионы өртөлт (давтамж, хэмжээ, чиглэл, хүч, үргэлжлэх хугацаа);
  • багаж болон ажлын төрөл, орчны нөхцөл (температур, агаарын урсгал, чийгшилт, чимээ);
  • зарим биодинамик, эргономик хүчин зүйлс (атгалтын хүч, даралтын хүч, гарны байрлал), хувь хүний зан төрхийн ялгаатай байдал (өртөмтгий байдал, архаг суурь өвчлөл;
  • захын судасны эргэлтэд нөлөөлдөг никотин, эм зэрэг химийн бодис хамаарна.

Доргионы шалтгаант цагаан гарын хам шинж өвчлөлийн  тархалт нь доргионы өртөлтийн хугацаа нэмэгдэх тусам ихэсэх зүй тогтолтой.

1970-аад оны сүүл үеэс хойш Европ, Япон зэрэг зарим улс оронд мод боловсруулах үйлдвэрт доргионгүй хөрөө ашиглаж эхэслсэн, ажлын орчны хүйтэн температурыг нөлөөллийг арилгах, ажлын ачааллыг  бууруулснаар ажилтнуудын дунд доргионы шалтгаант цагаан гарын хам шинж өвчлөлийг эрс багажсгажээ.  Мөн ийм төрлийн үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ажилтнуудын дунд доргионы шалтгаант цагаан гарын хам шинж өвчлөл эргэн сэргэх байдал бүртгэгдсэн.

Мэдрэлийн өвчлөл

Гарт дамжих доргионд өртсөн ажилтнуудад гар, хуруунд чимчигнэх болон мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг. Хэрэв доргионд удаан хугацаанд үргэлжилсэн байдлаар өртвөл эдгээр шинж тэмдгүүд улам хүндрэн амьдралын хэв маяг, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Доргионд өртсөн ажилтанд хүрэлцэх, орчны температур мэдрэх мэдрэхүй буурах шинж тэмдэг илрэхээс гадна гараар нарийн дүй шаардсан ажил хийх чадвар буурсан байдаг нь эмчийн үзлэгээр тогтоогддог.  Мөн хурууны үзүүр хэсгийн арьс доргион муу мэдрэх болдог. Доргионд өртсөн ажилтнуудын дунд хийсэн судалгаагаар гарын мэдрэлийн эдийн өвчлөл ажилтан бүрт харилцан адилгүй байдаг нь тогтоогддог. Ажилтанд мэдрэхүйн чадвар буурснаар олон төрлийн багажтай харилцан ажиллах чадамж нь мөн буурдаг.

Гарт дамжих доргионы хам шинжийн мэдрэлийн эдийн бүрэлдэхүүнд гарах өөрчлөлтийн ангиллыг 1986 онд Стокгольмын хурлаар батласан. Уг ангиллын дагуу  доргионы өвчний зэрэглэлийг тогтоохын тулд өвчтөнд илэрсэн шинж тэмдгүүд, мэдрэл, мэдрэхүйн сорилыг ашигладаг. Мэдрэхүй сорилын загваруудад тэмтэрсэн зүйлсээ ялгах, доргионыг мэдрэх, нарийн ур дүй шаардсан ажлыг гүйцэтгэх зэргийг багтаадаг.

Доргионд өртсөн ажилтны гарын бугуйны мэдрэлийн гол судал дарагдсанаар карпел туннель синдром үүсдэг. Энэ өвчин чулуу өрөмдөгч, гагнуурчин, мод үйлдвэрлэлийн ажилтан зэрэг доргион үүсгэгч гар багажуудтай ажилладаг хүмүүст тохиолддог. Доргионтой багаж хэрэглэдэг ажилтны хувьд давтагдсан хөдөлгөөн, чанга атгах, албадмал байрлалд ажиллах зэрэг эргономикийн сөрөг хүчин зүйлсийн өртөлт нь  карпал туннель синдромыг үүсгэх, явцыг нь түргэсгэх нөлөөтэй.

Яс, булчингийн эмгэг

Тулгуурх эрхтний эмгэг: Доргионд өртдөг ажилтанд сарвуу, бугуйны уйланхай, ясан цэврүүний тархалт өндөр байдаг үзлэгээр илэрдэг бөгөөд энэ шинэ шинж тэмдэг доргионд өртдөггүй ажилтанд илэрдэггүйг ч сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон. Бугуй, тохойн остеоартроз, тохойн шөрмөстэй холбогддог хэсгийн шохойжилт зэрэг шинж тэмдэг маш хүчтэй (50 Гц-ээс ихгүй) нам давтамжтай доргион үүсгэдэг даралтат багажтай харьцаж ажилладаг уурхайчид, зам барилга, төмөр хийцтэй ажилладаг ажилтанд түгээмэл тохиолддог.

Киенбок(Kienböck)-ийн өвчлөл, бугуйны завь хэлбэрийн ясны гэмтэл түгээмэл илэрдэг. Хөрөөдөх, тасдах, зүлгэх ажлын явцад үүсэх дунд болон өндөр давтамжтай доргионд өртсөн ажилтны ясны нөхөн төлжилтийн хэсэг, дээд мөчдийн холбогч эдийн өвчлөлийн тархалт нэмэгддэг болох нь судалгаагаар нотлогдоод байна. Биеийн хүч их шаардах, чанга атгах болон био-механикийн олон төрлийн хүчин зүйлс нь цохилтот багаж ашигладаг ажилтнуудын дунд ясны гэмтэл тохиолдоход нөлөөлдөг. Мөн хэсэг газрын өвчин, хавдалт өгөх, холбоос эдийн хатуурал, эмгэг рентген зурагт илрэх хэмжээний яс, холбогч эдийн өөрчлөлт үүсдэг. Франц, Герман, Итали гэх мэт зарим улсуудад доргионтой гар багаж ашигладаг ажилтанд яс холбогч эдийн өвчлөл мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон тохиолдолд зэрэглэлээс нь хамаарч өртсөн нөхөн төлбөр олгогддог.

Булчингийн эмгэг: Доргионд удаан хугацаагаар өртсөн ажилтнуудын булчин сулрах, гар шуугаар өвдөх, булчингийн хүч буурах зэрэг шинж илэрч болно. Доргионы өртөлт гарын атгах хүч бууралттай холбоотой болох нь нотлогдсон. Зарим хүмүүст булчингийн ядралтаас үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалт тохиолддог.

Доргионтой ажлаас шалтгаалсан булчингийн бусад өвчин доргионд өртсөн ажилтанд мөн бүртгэгддэг. Жишээ булчин шөрмөсний үрэвсэл, дээд мөчдийн шөрмөсний хальсны үрэвсэл, хуруу нугарахгүй болох, гарын алганы зөөлөн эдийн эмгэг зэрэг тохиолддог. Эдгээр өвчнүүд нь гараар гүйцэтгэх хүнд хүчир ажлаас үүсэх эргономикийн сөрөг хүчин зүйлстэй хамааралтай. Гэхдээ гарт дамжих доргионы нөлөөлөл нь эдгээрийн үндсэн шалтгаан болдоггүй бөгөөд нөлөөлөх хүчин зүйл юм.

Бусад өвчин: Зарим судалгаагаар доргионы шалтгаант цагаан гарын хам шинжтэй ажилтнуудын дунд доргионтой багажнаас үүдсэн сонсгол бууралт өндөр хувьтай тохиолддогийг тогтоосон. Энэ нь дотор чихийг цусаар хангах хялгасан судасны бүтэц доргионы нөлөөгөөр нарийссантай холбоотой байдаг. Үүнээс гадна захын  мэдрэл, дотоод шүүрэл, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг доргионы өртөлтийн улмаас тохиолдож болохыг Орос, Японы судлаачид тогтоосон. Мөн тархины төвүүдийн үйл ажиллагааны сааталтай холбоотойгоор ядрах, толгой өвдөх, уур бухимдал, нойрны эмгэг, бие сульдах, тархины цахилгаан сэрэл дамжуулалтын гажиг зэрэг сөрөг нөлөө тохиолдож болно. Гарт дамжих доргионоос төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг талаарх эдгээрийг таамаглалыг тархвар судлал, эмнэл зүйн судалгаагаар баталгаажуулах шаардлагатай юм.

Анагаах ухааны доктор Д.Нарансүх