Ажлын байран дээрх эргономикийн хүчин зүйлс

Хөдөлмөрийн эрүүл мэндийн Оксфорд гарын авлагад ажлын байран дээрх эрүүл мэндийн аюултай хүчин зүйлсэд химийн, физикийн, биологийн, эргономикийн болон механикийн, нийгэм-сэтгэл зүйн болон байгууллагын хүчин зүйлс хамаарна гэж бичжээ. Олон улсын баримт бичгүүдэд ажлын байрны эрүүл мэндийн аюултай хүчин зүйлсийг мөн адилаар бүлэглэсэн байдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.5-д “үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хэлнэ гэж тодорхойлсон Мөн тус хуулийн 3.1.3-д “хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа гэж тодорхойлсон.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн Монгол улсын практикт хими, физик, биологийн хүчин зүйлсэд илүү ач холбогдол өгдөг. Харин эргономик, сэтгэл зүйн зүйлсэд төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй. Гэтэл эргономикийн аюултай хүчин зүйлсээс тоос, химийн бодис, шуугиан гэх мэтийн өртөлтөөс шалтгаалсан өвчлөлөөс дутуугүй өвчлөл тохиолдож байна. Эргономикийн тохиромжгүй хүчин зүйлс гэдэгт хүнд зүйлсэд өргөх, буруу байрлалд удаан ажиллах, нэг янзын хөдөлгөөнийг олон давтан хийх, биеийн эд эрхтэн хатуу ирмэгтэй зүйлд дарагдах, гарт болон бүх биед дамжих доргион зэрэг хамаардаг өргөн хүрээтэй ойлголт юм.
Эргономикийн аюултай хүчин зүйлс үнэхээр асуудал болоод байгаа юу ?
Миний бие 2013 онд Монголын нэгэн томоохон үйлдвэрийн ажилтнуудын дунд мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа хийсэн. Уг судалгаагаар тус үйлдвэрт бүртгэгдсэн МШӨ-ийн тохиолдлын 40-өөс багагүй хувийг нурууны гэмтэл, хөлийн венийн судасны бүдүүрэл, мөр, буглаганы холбогч эдийн гэмтэл зэрэг эргономикийн сөрөг хүчин зүйлсээс шалтгаалсан өвчлөл бүрдүүлж байв. 2018 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс гаргасан статистикийг хараад МШӨ-өөр хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдлын 1/3 нь эргономикийн эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалсан болохыг мэдэж болно. 1970 оноос хойш Монголд 9000 гаруй хүн МШӨ-өөр хөдөлмөрийн чадвараа алдсан нь бүртгэгдсэн. Эдгээрийн 3000 гаруй нь эргономикийн сөрөг хүчин зүйлсийн шалтгаант өвчнөөр өвдөж, шаналж байна гэсэн үг юм. Зарим нь аль хэдийн мөнх бусийг үзүүлсэн байх. Гэхдээ байгалийн жамаар наслах наснаасаа эрт. Шалтгаан нь “мэргэжлээс шалтгаалсан өвчин”. Энэ бүх мэдээ баримт нь ХАБЭА-н салбарт эргономикийн сөрөг хүчин зүйлсийг  тоос, хорт бодис, шуугиан гэх мэт аюултай хүчин зүйлсээс дутуугүй анхаарах ёстойг илтгэж байна.
Эргономикийн эрсдэлийг хэрхэн илрүүлэх вэ ?
  1. Илрүүл: Ажлын байранд эргономикийн үнэлгээний хяналтын хуудсын дагуу илрүүлэх, ажилтнуудын дунд тохиолдож буй эргономиктой холбоотой бэртэл гэмтлийг бүртгэх,
  2. Үнэл: Дараагаар нь шалтгаан юу болохыг тодорхойлж, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд учруулах сөрөг үр дагавраар нь харьцуулан үнэлнэ. Эрсдэлийн үнэлгээний зарчмыг ашиглаж болно.
  3. Шийдлийг хэрэгжүүл: Ажилтнуудтайгаа хамт тохиромжтой шийдлийг нь олж, хэрэгжүүл. Тухай ажлын байранд ажилладаг ажилтан нь хамгийн зөв шийдлийг гаргаж ирэх боломжтой. Мэдээж бусад ижил төстэй үйлдвэр, ажлын байрны туршлагыг судлах нь зүйтэй.
  4. Дахин үнэлэ, сайжруул: Дээрх гурван үе шатыг дахин хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах гэсэн үе шатуудаар эргономикийн эрсдэлийг бууруулж болно.
Үр дүнд нь осол, өвчлөл буурна, бүтээмж дээшилнэ, ажлын орчин нөхцөл сайжирна. Ажилтан, ажил олгогч хэн хэн нь ялагч болох буюу Win-Win шийдэл.
Д.Нарансүх
Хэрэгтэй холбоос: