Ажлын байранд дахь шуугианын шинж чанар

Шуугиан нь ажлын байранд хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндэд аюултай хүчин зүйл тул хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудын нэг болдог. Зөвхөн үйлдвэр төдийгүй албан тасалгаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ч шуугианы нөлөөлөлд өртдөг. Шуугианаас ангид ажлын байр ховор юм.

Шуугиан хатуу, шингэн, хийн орчинд үүсэж, тархсан дууны долгионы холимог юм. Дууны долгион орчинд тархахдаа агаарын хийн молекулуудад даралт үүсгэдэг. Агаарын температур 200С байх үед дууны долгион тархах хурд 342 м/с байдаг ба агаарын температур ихсэх тутам тархах хурд нэмэгддэг. Дууны долгион нь хүрээлэн буй орчны агаарт даралтын хэлбэлзлийг бий болгож, уг хэлбэлзэл нь хүний сонсголын эрхтнээр дамжин тархинд очиж боловсруулагддаг.

Тархаж буй дууны долгион нь агаар дахь хийн молекулуудыг дарж агаарын даралтыг маш бага хэмжээгээр нэмэгдүүлдэг. Ингэж үүссэн дууны даралт нь чихний хэнгэрэг хальсыг дарж, улмаар агаарын даралтын ялимгүй өөрчлөлтийн улмаас чичиргэдэг. Энэ чичиргээ нь дотор чихэн дэх мэдрэлийн эсийн тусламжтайгаар мэдрэлийн сэрэл болон  хувирч тархи руу дамжуулагддаг.

Ажлын байранд шуугианы өртөлтийг хэмжиж үнэлэхэд хамгийн ач холбогдолтой үзүүлэлт нь дууны давтамж болон даралтын түвшин юм.

Дууны давтамж

Нэг секундын хугацаанд агаар дахь хийн молекулуудыг тэнцвэрт байрлалаас нь хөдөлгөж, буцааж анхны байрлалд оруулах дууны долгионы хэлбэлзлийн тоог давтамж гэнэ. Өөрөөр хэлбэл нэг секундэд биеийн чичрэх хөдөлгөөний бүтэн үеийн тоог давтамж гэдэг ухагдахуунаар илэрхийлж, [Гц] (герц) эсвэл [үе/сек] нэгжээр хэмждэг. Хүний сонсголын эрхтэн 20-20000 Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч, мэдрэх чадвартай. Энэ чадвар нь ахмад настай хүн, шуугианы гаралтай сонсголын алдагдалтай хүмүүст буурдаг тул тэд орчны дуу чимээг бүрэн сонсож чаддаггүй. Хүний ярианы дууны давтамж ойролцоогоор 1000-5000Гц-ийн хооронд хэлбэлздэг. Хүний сонсох боломжтой дууны даралт 20мкПа-аас 100Па-ийн хооронд байдаг. Ахмад настай болон шуугианы гаралтай сонсгол алдагдалтай хүмүүст дуу чимээг сонсох мэдрэмж нь буурдаг.

Дууны даралт

Дууны долгион орчны агаар дахь хийн молекулуудыг хэлбэлзүүлж, агааарын даралтанд үл ялиг өөрчлөлтийг бий болгодог. Энгийн харилцан ярианы үед нэг сантиметр талбайд нэг килограммыг хэдэн сая хуваасантай тэнцэх хэмжээгээр дарах дууны даралт үүсдэг хэдий ч хүний сонсголын эрхтэн үүнийг мэдрэх, сонсох чадвартай байдаг. Харин дууны даралтын түвшин нэг сантиметр талбайд нэг килограммыг хэдэн мянга хуваасантай тэнцүү хүчээр үйлчлэхэд сонсголын эрхтнийг гэмтээх аюултай.

Түгээмэл тохиолддог шуугиан маш богино хугацаанд агаарын даралтын тэнцвэрт байдлыг эерэг болон сөрөг утгаар өөрчлөх шинж чанартай байдаг. Хэрэв бид шуугианы даралтын өөрчлөлтийг хэмжвэл энэ нь эерэг болон сөрөг өөрчлөлтийн утгатай тул дундаж нь тэгтэй тэнцэнэ. Тиймээс дууны даралтын дундаж утга үр ашигтай хэмжүүр болж чаддаггүй. Дууны даралтыг хэмжихийн тулд даралтын эерэг өөрчлөлт буюу агаар дахь хийн молекулуудыг дарах үйлчлэл дээр даралтын сөрөг өөрчлөлтийн утга буюу хийн молекулууд дарах даралтыг багасгах үйлчлэлийг нэмж тооцсон хэмжүүрийг ашиглах шаардлагатай болдог.

Дууны даралтын түвшинг ба дециБел

Дууны долгион нь маш бага даралттай байдаг ч хүний сонсголын эрхтэн үүнийг мэдрэх чадвартай. Эрүүл, залуу хүний сонсох хамгийн бага дуу чимээ нь 1000 Гц давтамжинд 20мкПа-ын даралттай байдаг. Энэ хэмжээг сонсголын  түвшинг хэмжихэд сонсголын босго хэмжээ (0 дб) буюу лавламж хэмжээ болгон ашигладаг. Мөн өвдөлт мэдрэхгүйгээр сонсож чадах хамгийн их дууны даралтыг өвдөлтийн босго хэмжээ  гэх ба энэ нь ойролцоогоор 100Па даралттай (130 дб) тэнцүү байдаг. Өвдөлтийн босго хэмжээ хүн бүрт харилцан адилгүй байна. Хүний чихэнд сонсогдож байгаа дууны даралтын өвдөлт үүсгэх босго хэмжээн дэх чанга дуу чимээ нь хүний сонсож чадах хамгийн сул дуу чимээнээс 10 сая дахин их байдаг

Хүний мэдрэх дуу шуугианы хэмжээг шугаман хамаарлаар (шууд утгаар) нь тооцоолвол маш олон оронтой тоон утга гарах учир дууны даралтын харьцангуй хэмжээс буюу логарифм утгыг ашигладаг. Түүнээс гадна хүний чих шугаман хамаарлаар биш логарифмын утгаар дуу чимээнд хариу өгдөг. Тиймээс логарифмын харьцаагаар дуу шуугианы үзүүлэлтийг хэмжиж, лавлагаа хэмжээтэй харьцуулах нь практикт ач холбогдолтой. Үүнд үндэслэн  дууны даралт, хүний сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг тооцох боломжтой нэгж болох [Бел]-ийг бий болгосон (Алексадр Грахам Бел 1874-1922 он). Бел нь хоёр дууны хүч (эрчим)-ний хооронд харьцааны тоо утгыг 10 суурьтай логарифмаар хураангуйлсаар илэрхийлэгддэг. Гэсэн хэдий ч энэ нэгжийг практикт ашиглахад хэтэрхий их тоон үзүүлэлт гарах тул 10-аар дахин хураангуйлсан децибел [дБ] нэгжийг ашгиладаг. Нэг дециБел нь арван Белтэй тэнцүү. Энэ нь хүн дуу чимээний ялгааг мэдрэх хамгийн бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл Децибел гэдэг нь хэмжигдсэн тоон утгыг лавламж хэмжээнд харьцуулж олсон утгыг 10 суурьтай логарифмад шилжүүлэн тоосон тоон үзүүлэлт гэж ойлгож болно. Дуу шуугианы хэмжилтэнд децибел болон дууны хүчний  хоорондын хамаарлыг ашигладаг.

Шуугианы чанга сул

Хүний сонсголын эрхтэнд мэдрэгдэх шуугианы чанга сул байдал дууны даралтаас төдийгүй давтамжаас бас хамаардаг. Энэ нь хүний сонсголын эрхтэн өөр өөр давтамжтай, ижилхэн даралттай  дууг харилцан адилгүй мэдэрдэгтэй  холбоотой.

Агаараар дамжиж буй шуугианы сонсож болох хамгийн дээд дууны давтамжийн хязгаар нь дууны эрчим тухайн хүний сонсох чадвараас хамаардаг. Энэ хязгаар нь насанд хүрсэн залуу хүнд 16000-20000Гц-ийн хооронд байх ба хүний сонсголын эрхтэн 1000-4000Гц-ийн давтамжтай дуу чимээнд хамгийн  мэдрэг байдаг. Өндөр давтамжтай дуу чимээг сонсох чадвар нас ахих тусам буурдаг.

Хүний дуу чимээг сонсох үйл явц нарийн төвөгтэй дараалсан үе шаттай байдаг. Одоогоор дууны даралтын түвшингийн хэмжилт болон хүний дуу чимээг сонсож хүлээн авах мэдрэмж хоёрын хоорондын холбоо хамаарлыг шууд тооцсон тооцоолол хараахан бий болоогүй. Ижилхэн дууны даралтын түвшинтэй өөр өөр давтамжтай шуугианы чанга сул нь ялгаатай сонсогдоно.

Дууны физикийн шинж чанарыг бүрэн дүүрэн тодорхойлхын тулд  дууны давтамж, ерөнхий даралтын түвшин, эдгээрийн тодорхой цаг хугацаанд хэлбэлзэж байгаа хэлбэлзлийг харгалзах нь зүйтэй. Дууны чанга сул гэдэг нь дууны даралт, эрчимд үзүүлж буй хүний субъектив хариу үйлдэл юм. Өгөгдсөн давтамжинд дууны чанга сул нь дууны эрчим, даралт, муруй эсвэл шугаман байдлаасаа хамаарч  харилцан адилгүй байдлаар сонсогдоно.

Дууны  даралтын түвшин (чанга сул)-ийг багажаар хэмжиж болдог боловч хүний сонсголын эрхтэнд мэдрэгдэх тааламжтай болон тааламжгүй дуу авиаг ялгах боломжгүй байдаг. Дууны даралт тогтмол түвшинд байсан ч түүний давтамж өөрчлөгдвөл хүний чихэнд чангарч эсвэл суларч сонсогддог.

Ажлын байран дахь шуугианы өртөлтөөс эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Шуугианы гаралтай сонсгол алдагдал  нь дууны даралтыг дотор чих хүлээн авч сонсох үйл явц алдагдах эмгэг юм. Ажлын байрны шуугианы өртөлтөөс шалтгаалсан сонсгол бууралт нь мэргэжлээс шалтгаалсан өвчний статистик бүртгэлд цөөнгүй хувийг эзлэж, ажилтнууд тэтгэвэр, нөхөн олговор олгох томоохон шалтгаануудын нэг болсоор байна. Шуугианы гаралтай сонсгол алдагдал нэгэнт тохиолдсон бол  бүрэн эмчлэгдэх, нөхөн сэргээгдэх боломжгүй. Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт мониторинг, эх үүсвэрт чиглэсэн шуугиан бууруулах арга хэмжээ, сонсгол хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээ, эрүүл мэндийн үзлэг тандалт зэрэг урьдчилан сэргийлэлтийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлснээр сонсгол алдагдлаас бүрэн сэргийлэх боломжтой.

Шуугианы гаралтай сонсгол алдагдалын үед хүнд ямар нэг зовиур илэрдэггүй бөгөөд давшингуй явцтай байдаг. Чанга дуу чимээний улмаас түр зуур сонсгол буурч болох боловч ихэнхдээ 14 цагийн дотор эргэн сэргэх боломжтой. Үүнийг түр зуурын сонсгол бууралт гэж нэрлэдэг.

Ажилчдын өдөр тутмын шуугианы өртөлтийн үнэлгээг  хийхэд ажлын 8 цаг эсвэл ээлжийн турш өртөж байгаа шуугианы түвшинг хэмжиж холбогдох стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулдаг. Ихэнх орны хөдөлмөрийн эрүүл мэндийн стандарт, удирдамжинд өдөр тутам ажлын 8 цагийн турш өртөж болох шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээг 85 дБА-ээр тогтоодог. Монгол Улсад MNS 6768:2019 стандарт мөн ижил шаардлагыг тавьдаг.

Д.Нарансүх, Л.Оюунтогос, Хөдөлмөрийн эрүүл ахуй, 2013 он номноос