Menu

Health and Safety Solutions LLC

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч

Хүний амьсгалын эрхтэнд тоос хуримтлагдах механизм

December 20, 2015

Ажлын орчинд тархсан агаар бохирдуулагчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь тэдгээрийн амьсгалын замд хуримтлагдах механизмаас хамаардаг. Зарим төрлийн тоос амьсгалаар нэвтэрсэн даруйдаа хортой нөлөө үзүүлдэггүй. Уушгинд хуримтлагдаж, тодорхой хугацааны дараа өвчин эмгэг үүсгэх шалтгаан болдог. Амьсгалын замд тоосны ширхэгүүд нэвтрэх механизмыг судалж мэдэх нь тэдгээрээс хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Тоос болон бусад аэрозолууд амьсгалын замд тунах  болон сорьц цуглуулах хэрэгсэлд шүүгдэх зургаан үндсэн механизм байдаг.

Инерцийн хүчний цохилт: Агаарын урсгалаар зөөгдөж байгаа тоосны ширхэгүүд жингээсээ хамаарч тодорхой инерцийн хүчтэй байдаг. Харин хий төлөвтэй нэгдлүүдийн молекулыг бүрдүүлдэг атомууд хангалттай инерцийн хүчтэй байдаггүй. Хийн молекулууд агаарын хөдөлгөөний улмаас чиглэлээ огцом өөрчилж,  хуйларсан хөдөлгөөн үүсгэдэг. Тоосны ширхэгүүд харьцангуй хүнд жинтэй,  инерцийн хүчтэй байдаг учир Ньютоны хуулийн дагуу “биетийг хөдөлгөж байсан хүч зогсоход тухайн биет жингээс хамааран тодорхой зайнд хөдөлдөг”. Хийнүүд агаарт тархахдаа амархан чиглэлээ өөрчилдөг бол тоосны ширхэгүүд  чиглэлээ өөрчлөхдөө тодорхой эсэргүүцэлтэй учирдаг. Энэ нь инерцийн хүчний цохилтыг үүсгэж амьсгалын эрхтэн, сорьц цуглуулах хэрэгсэл дээр аэрозолын ширхэглэг шүүгдэж үлдэх шалтгаан юм. Цохилтын хүч хөдөлж буй ширхэглэгийн нягт, диаметр, хөдөлгөөний хурд зэргээс шууд хамааралтай байдаг. Их хурдтай, том хэмжээтэй, нягт ихтэй ширхэглэг илүү их цохилтын хүчийг бий болгодог. Энэ зарчмыг хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт тоосны сорьц цуглуулахад  ашигладаг.

Шүргэлцэх: Тоосны ширхэгүүд цохилтын хүчний үйлчлэлээр амьсгалын замд шууд тундаггүй, харин амьсгалын эрхтний хананд шүргэлцэж наалдан тунаж, улмаар хуримтлагддаг.

Тоосны ширхэг агаарын хөдөлгөөний улмаас амьсгалын замд эсвэл сорьц цуглуулах кассетэнд орж, уушги эсвэл шүүлтүүрийн гадаргууд хүрэлцдэг. Уушги, шүүлтүүрийн гадаргуу нь наалдамхай байдаг учир агаараас аэрозолыг шүүх шинж чанартай байдаг. Шүргэлцэх механизм нь дунд зэргийн хэмжээтэй аэрозолын ширхэглэгүүдийн тунах механизмд чухал ач холбогдолтой.  

Тунах: Тоосны ширхэг агаараар тархахад, түүний хөдөлгөөн доошоо чиглэсэн аэродинамик татах хүчний үйлчлэлтэй учирдаг. Татах хүч тоосны ширхэг тунах механизмыг үүсгэгч  үндсэн хүч болдог. Ширхэглэгийн тунах байдал нь үүний жингээс шууд хамаардаг. Том ширхэгтэй хэсэг нь жижгээсээ илүү хурдан тунадаг. Уг механизмын дагуу амьсгалын замд нэвтэрсэн тоосны ширхэг дэлхийн татах хүчний тунаж амьсгалын эрхтэний хананд наалдаж, үлддэг.

Цахилгаан статик таталт:  Агаар дахь ихэнх тоос, бусад бохирдуулагч бодисууд тодорхой цэнэгтэй байдаг учир сөрөг цэнэгийн үйлчлэлээр тэдгээрийг шүүх, тунгаан барих боломжтой. Цэнэгтэй сорьц цуглуулах гадаргуу нь эсрэг цэнэгтэй ширхэглэгийг татаж, наалдуулах чанартай байдаг. Энэ механизмыг тоосны сорьц цуглуулахад шүүх үр ашгийг нь нэмэгдлүүлэх зорилгоор ашигладаг. Харин амьсгалын замд тоосны ширхэлэг шүүгдэж тунахад ач холбогдолгүй.

Нэвчих(Бровны хөдөлгөөн: Нүдэнд үзэгдэхгүй хий болон нарийн ширхэгтэй тоосны ширхэгүүд агаарт тогтвортойгоор жигд тархдаг. Жижиг ширхэгүүд нь агаарын багц молекулаар өдөөгддөг. Үүний үр дүнд ширхэглэгүүд жигд бус, эмх замбараагүй хөдөлгөөнд орж орчин тойрондоо тархдаг ба үүнийг Бровны хөдөлгөөн гэж нэрлэдэг. Жижиг ширхэглэгүүд агаарын хөдөлгөөнөөр нэг орчноос нөгөөд зөөгддөг. Тоос нэвчих замаар биед амьсгалын эрхтэний ханаар нэвтрэхэд тоосны ширхэгийн диаметрээс шууд, агаар дахь тоосны хөдлөх хурд зэрэгтэй шууд бус хамааралтай байдаг. Тоосны ширхэг хурд багатай  хөдлөх нь нэвчих механизмаар уушгины цулцангийн ханаар нэвтрэхэд таатай нөхцөлийг бүрдүүлдэг.   

Агаар бохирдуулагчид хүний амьсгалын замын эрхтэнд нэвтрэх, тунах механизмуудыг ашиглан агаараас тоос, хорт бодисын сорьц цуглуулах, хэмжилт хийх аргачлалуудыг боловсруулсан байдаг. Сорьц цуглуулах төхөөрөмж болон уушгинд тоосны ширхэг хуримтлагдах байдал нь тоосны аэродинамик диаметр,  тоосны хөдөлгөөний хурд гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээс хамааралтай. Ширхэгийн хэмжээ, агаарын урсгалын хурд нэмэгдэх нь сорьц цуглуулахад чухал ач холбогдолтой. Том ширхэглэгийг бага хурдаар соруулахад тунах механизмаар хуримтлагддаг бол 0.1мкм-ээс бага хэмжээтэй ширхэгийг цуглуулахад  зөвхөн нэвчүүлэх механизм үр дүнтэй байдаг. Түүнчлэн тоосны амьсгалын эрхтэнд хуримтлагдах механизмыг ашиглан үйлдвэрийн байрны агааржуулалтын системд тоос цэвэрлэх циклон зэрэг цэвэрлэх хэрэгслийг суурилуулахад ашигладаг.

Амьсгалаар орсон тоосны ширхэг амьсгалын замын эрхтний өөр өөр хэсгүүдэд тундаг. Дээр өгүүлсэн механизмуудаас инерцийн хүчний цохилт, тунах, нэвчих зэрэг механизм нь хамгийн ач холбогдолтой. Шүргэлцэх, цахилгаан статик хүчний татах механизм нь зөвхөн онцгой тохиолдлуудад ач холбогдолтой байдаг. Тоосны ширхэгүүд амьсгалын эрхтэний хананд хүрэлцэж хуримтлагддаг. Тоосны хуримтлал нь ширхэгийн хэмжээ, нягт, хэлбэр, агаар дамжуулах замын хэлбэр, хувь хүний амьсгалах хэв шинжээс хамаардаг.

Амьсгалын замын эрхтэнд тоосны ширхэгийн хуримтлалыг тодорхойлохын тулд амьсгалын зам доторх агаарын урсгалын хөдлөл зүй, агаарын урсгалаар зөөгдөж буй тоосны ширхэгийн хөдөлгөөн зэрэгт дүн шинжилгээ хийх шаардлагатай болдог. Үүнийг гүйцэтгэх нь өнөөгийн нөхцөлд боломжгүй боловч амьсгалын замын эрхтний аль нэгэн хэсэгт тоос тунахад нөлөөлдөг хүчин зүйлийг танин мэдэх боломжтой. Энэ нь амьсгалын замд тоосны ширхэг хуримтлагдах байдал, ширхэгийн хэмжээ, амьсгалын давтамж, агаарын урсгалын хурд, амьсгалах эзлэхүүн зэргийн хоорондын хамаарлыг судалж мэдэх шаардлагыг бий болгодог.

 

Go Back

Comment