Menu

Health and Safety Solutions LLC

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч

Ажлын байран дахь тоосны шинж чанар, ангилал

December 20, 2015

Ажлын байранд түгээмэл тохиолддог эрүүл мэндийн аюултай хүчин зүйлсийн нэг нь тоос юм.  Тоосны бохирдлыг хэмжиж үнэлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажил нь  хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болдог.

Бүхэл материалыг бутлах, нунтаглах, үрэх, хөрөөдөх гэх мэт механик хүчний үйлчлэлийн үр дүнд үүссэн, 0.5 мкм-ээс том хэмжээтэй хатуу аэрозолуудыг тоос гэж нэрлэдэг. Тоос нь ашигт малтмал олборлох, хүдэр боловсруулах, баяжуулах үйлдвэрийн бараг бүх шат дамжлага, ажлын байранд түгээмэл тохиолддог.  Ашигт малтмалыг олборлох, бутлах, тээрэмдэх, түүнчлэн аливаа гадаргууг үрэх, зорох,  хөрөөдөх, элсээр зүлгэх, суурь машинаар түүхий эд боловсруулах зэрэг үйл ажилагаанаас ажлын орчинд тоос бий болж байдаг.

Нэг ажлын байранд үүссэн тоос нь агаарын хөдөлгөөнөөр зөөгдөж бусад ажлын байранд тархаж тэнд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ихэнх төрлийн тоос харьцангуй хор хөнөөл багатай байдаг хэдий ч зарим тоос амьсгалын замыг цочроох үйлчилгээ үзүүлдэг. Амьсгалын замаар нэвтэрсэн тоосны зарим нь хамрын хөндийн залгиурт шүүгдэж, үлдсэн  нь  цагаан мөгөөрс, гуурсан хоолой, уушгины цулцанд нэвтэрдэг. Эдгээр тоос нь  амьсгалын дунд, доод замын эрхтэний эд, эсийг гэмтээж, холбогч эдээр солигдох, хорт хавдар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушгины бусад өвчний шалтгаан болдог.

Тоосны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэхийн тулд ажилчдын өртөж буй өртөлтийн түвшинг нь тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Тоосны өртөлтийн үнэлгээ хийх, эрүүл ахуйн дүгнэлт гаргахын тулд тоосны ангиллын талаарх ойлголттой болох нь зүйтэй.

Тоосны ширхэгийн ангиллыг ойлгохын тулд  хэмжих нэгж, хэмжээнийнх нь талаар ярих нь зүйтэй. Тоосны ширхэгийн хэмжээг микрометр [мкм] нэгжээр хэмждэг. 1000 мкм нь 1 миллиметртэй тэнцдэг. Хүний үсний диаметр дунджаар 50-70 мкм, голын эрэгний элсний ширхэг 90 мкм орчим диаметртэй байдаг.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын практикт тоосны ширхэгийг хэмжээнээс нь хамааруулан нийт тоос(total dust),  амьсгалын замын дээд хэсэгт нэвтэрдэг (inhalable dust), амьсгалын замын дунд хэсэгт тундаг (thoracic dust), уушгийн цулцанд хүрдэг  буюу нарийн ширхэгтэй тоос (respirable dust)  гэж ангилладаг.

Хүний амьсгалын эрхтэний дээд хэсэг буюу ам, хамрын хөндийд 100 микрометрээс жижиг хэмжээтэй тоосны ширхэгүүд нэвтэрдэг. Тиймээс ийм хэмжээтэй тоосыг амьсгалын замын дээд хэсэгт тундаг тоос гэж нэрлэдэг. Хамрын хөндийд нэвтэрсэн тоосны ихэнх нь амьсгалын эрхтний салст бүрхэвчээс ялгардаг салс, шүүрлээр цэвэрлэгддэг. Эрүүл мэндэд тоосны эх материалын шинж чанараас хамааран цочроох, харшлын нөлөө үзүүлдэг.

\25 мкм-ээс жижиг  диаметртэй тоосны ширхэгүүд амьсгалын замын эрхтний дунд хэсэгт буюу цагаан мөгөөрс, гуурсан хоолойн хэсэгт тундаг. Ийм хэмжээтэй тоосыг thoracic dust буюу амьсгалын замын дунд хэсэгт тундаг тоос гэж нэрлэдэг. Thoracic dust нь цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн архаг үрэвсэл, харшлын өвчлөл үүсгэдэг.

Нарийн ширхэгтэй (respirable dust) буюу 4 мкм-ээс жижиг диаметртэй тоосны ширхэгүүд уушгины цулцанд хүрдэг.  Нарийн ширхэгтэй тоосонд уушги тоосжих буюу пневокониоз өвчний шалтгаан болдог. Уушги тоосжих өвчнийг үүсгэсэн тоосноос нь хамааруулан өөр өөр нэрлэдэг. Тухайлбал силикат(цахиур)-ын тоосны шалтгаантайг силикоз, цементийн тоосны шалтгаантайг цементоз, органик тоосны шалтгаантайг биосиноз, асбестийн шалтгаантайг асбестоз гэх мэтээр нэрлэдэг.

Ажлын байрны агаарт тархсан бүх төрлийн хэмжээтэй тоосыг ерөнхийд нь нийт тоос буюу total dust  гэж нэрлэдэг бөгөөд үүнд дээр өгүүлсэн хэмжээтэй тооснууд бүгд багтдаг.

Тоосны хэмжээ нь хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нөхцлүүдэгч хүчин зүйл болдог учир эрүүл ахуйн стандартуудад тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээг ширхэгийн хэмжээнээс нь хамааруулан тогтоодог. Монгол улсын Хөдөлмөрийн эрүүл ахуйн MNS 4990:2015 стандартад 1%-иас бага цахиур агуулсан нийт тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10 мг/м3, нарийн ширхэгтэй тоосных 3 мг/м3 гэж тогтоосон. Мөн зарим орнуудын стандартад амьсгалын дээд замд нэвтэрдэг болон нийт тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээг ижил тогтоодог.

Go Back

Comment